Банкны салбарыг татварын бодлогоор дэмжинэ

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн лхагва гаригт болж, хорь гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэн  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

     

УИХ-аас 2002 онд “Чөлөөт бүсийн тухай” хууль батлан гаргаж, Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад Улсын төсвөөс 6,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн Улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31,3 сая ам. доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байна.  Шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэхээр тусгажээ.

Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк, санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна. Концессын гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр чөлөөт бүсийг бүхэлд нь буюу хэсэгчлэн байгуулж хөгжүүлэх боломжтойгоор шинэчилж, чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгожээ. Шинэчилсэн найруулгын төсөл нь чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм. Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна. Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна.  

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөлд иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болохоор тусгажээ.  

 

Банкны салбарыг татварын бодлогоор дэмжинэ

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй санал нэмэх тухай асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлийн эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол Улсад суутгуулахгүй байхаар хатуу шаарддаг. Үүнээс үүдэн банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож, хуулийн дагуу татварыг улсын төсөвт төлж өртөг нэмэгддэг. Цаашлаад тухайн эх үүсвэрийн өртөгт нэмэгдсэн татварыг зээл авсан бизнес эрхлэгчдийн зээлийн хүүд тодорхой хувиар шингээн хүү тогтоож байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байна. Иймд банкны салбарыг татварын бодлогоор дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 20 хувиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулдаг байсныг 10 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Засгийн газраас өргөн бариад байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусгуулах асуудлыг дэмжиж, УИХ-ын дэргэдэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Автозамын барилгын ажил болон засвар арчлалтын явцын талаар мэдээлэл сонслоо

Автозам, барилгын ажлын явцын тухай Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Уньт-Тариалан чиглэлийн 88 км замын 48 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын “Бэйк Сеок Констракшн” компани нь санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг харгалзан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан төслийн 40 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийжгэрээ байгуулж,авто замын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож байгаатай холбогдуулан уг автозамын барилгын ажлыг2-3 багц болгон хувааж техник, ажиллах хүчний чадавхи сайтай компанитайшууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг мөнДорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох автозамын ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгалаа.

Түүнчлэн автозамын засвар, арчлалтын явцын тухай танилцаад орон нутгийн зам, гүүрийн бүртгэлийг сайжруулах, хариуцах байгууллагыг тодорхой болгон, сум, дүүргийн өмчид бүртгэн, бүртгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулахаар тогтов.

Мөн улсын чанартай автозам, гүүрийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг яаралтай сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, 2014 онд хийгдэх автозамын ээлжит болон их засварын ажлаас нэн яаралтай засч, шинэчлэх шаардлагатай Улаанбаатар-Дархан, Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн автозамын шинэчлэлт, засварын ажилд шаардагдах 10,6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

ТОВЧХОН:

-  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулан Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

-  Худалдаа хөгжлийн банкнаас олон улсын зах зээл дээр бонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг гаргахыг зөвшөөрлөө. Засгийн газрын зүгээс энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээж, баталгаа гаргахгүй юм.

-  Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулагчид болон тэдгээрийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд хариуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэлээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.