
Энэ сарын 24-нд Улаан талбайд болох Ялалтын баярын парадыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт үзэх ахмад дайчдыг сувилал амралтын газруудад тусгаарлажээ. Энэ нь ахмад дайчдыг болон Ерөнхийлөгч Владимир Путинг коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ гэдгийг Кремлиэс онцолжээ.
Дэлхийн 2-р дайнд Нацист Германыг Зөвлөлтийн арми ялсаны 75 жилийн ойн баярын парад 5-р сарын 9-нд болох байсан ч коронавирусын цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хойшлогдсон билээ. Өмнө нь Кремлиэс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремль болон түүний эдлэнд уулзах бүх хүмүүс тусгай ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа гэдгийг мэдэгдсэн юм. В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр ахмад дайчид сувилал болон амралтын газруудад маш "тохилог, таатай" нөхцөлд тусгаарлагдаж байгаа ба парадын үеэр ахмадууд хоорондоо уулзаж, ярилцах учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал байсан гэжээ.
Түүнээс гадна тусгаарлагдсан ахмад дайчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж гарсан нь ч сайн хэмээн Дмитрий Песков онцолжээ. Жил бүр зохион байгуулагддаг Ялалтын парад нь Оросын цэрэг зэвсгийн хүч, эх оронч үзлийн илэрхийлэл болсон билээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор зарим хотууд Ялалтын парадыг дахин хойшлуулсан ч ОХУ дахь халдварын голомт болсон Москва хотод парад товлосон өдрөө болох ба бэлтгэл ажил ид дундаа явагдсаар байна. Пүрэв гарагийн байдлаар ОХУ-д коронавирусын халдвар авсан 561 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 7660 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.