Андынхаа дурсгалд-Мөрдөнгийн 325 хоног

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Хэлмэгдлийн хар шуурганаар анд минь

Хийгээгүй хэргийн гүтгэлгийг үл тэвчин
Билиг танхай, бардам Монгол эр байсан анд минь
Биднээс түрүүлээд Тэнгэр өөд одлоо.
Хаврын адаг сарын шинийн 14-ний гал өдөр
Хавирга нэвт сийгсэн салхитай өдөр
Харанхуй шоронгийн чулуун шалан дээр
Хайран анд минь хорвоогоос халилаа
Арчаагүйдээ өнөөдөр нулимс унагасангүй
Андыгаа өрөвдөөд, харуусалд автлаа
Авга дүүгийнх нь хамт, унасан нөхрийгөө
Аварч чадаагүйдээ нулимс урсгалаа
Ялын дүгнэлт атгуулсан өдөр анд минь
Яршигтай энэ орчлонг орхиод одлоо
Яасан хүний зовлонд ханадаггүй хорвоо вэ!? гэтэл
Яр шархандаа баригдсан нийгмийг яллаад явчихлаа анд минь
Арав хоноод гурвуулаа шоронгоос гарна аа гээд
Анд минь инээж байсан нь сэтгэлд тодхон
Аймшигт үхэл гэнэт дайрахад бид хүчин мөхөс
Асгарах нулимсаа тэвчихийг хичээвч сэтгэл үертэй
Захиж хэлэх үгээ хэлж амжилгүй
Замбуулинг орхин одлоо анд минь
Даанч яав даа гэж чулуун хана балбамаар ч
Дайсны чинь бах ханана!тэвч! гэсэн бодол төрнө
Буруугүй байж сэрдэгдэн шоронд шидэгдсэн
Буурал найз минь биднийг орхижээ
Бурангуй нийгмийн бусармаг тогтолцоо
Бузар санаатны хорт урхиар биднийг олзолжээ
Олон уулсын оргилд хамтдаа гарсан анд минь
Орон шоронгийн харанхуй нүхнээс гарч түвдсэнгүй анд минь!
Орчлонгийн эрээвэр хураавар амьдралд баригдалгүй анд минь
Орхиод биднийгээ, дүүллээ анд минь!
Олон улс орноор хамтдаа аялсан анд минь
Орхиод биднийгээ, тэнгэрийн орныг зорилоо
Ороо бусгаа цагийн тонгочоог үл тэвчин
“Огт ор үгүй”-г эрэлхийлэн нөхөр минь мордлоо
Шилийн Богдын оройд хийморь юугаа сэргээн
Шинэхэн нарыг угтан золгож зогссоон бид
Алтан овоо, Дарьганга нутгаар салхи татуулан
Андын үгийг солилцон санаа нийлж явсан бид
Мөнгөн цагаан титэмтэй Очирвааний оргил
Мөнх цаст Отгон тэнгэр хайрхандаа бараалхаж явлаа бид
Мөрөн голыг гаталж, уулсыг даван довтлохдоо
Монгол эрийн жавхааг дуулан явсан анд минь

Дорнын сайхан Говь нутгаар нь бид
Дотнын андууд бид аялсан билээ, тэр жил
Догшин хутагт Равжаагийн дуулж явсан талаар бид
Домогт гэгээнтнийг хүүрнэнхэн шуугьж явлаа.
Бүртийх ганц үүлгүй цэлмэг тэнгэртэй өдрөөр
Бурхан Халдун хайрхандаа мөргөж явлаа бид
Буурал эзэн Богдын онгодод залбиран
Бусдын хийгээгүйг хийхсэн гэж мөрөөдөж явлаа бид
Ардчилсан төрийн сүрээр далайлган хорьсон тул
Аргагүй хүчин мөхөс “хүлцэнгүй” хоригдоно би
Андыгаа алдсандаа багтрах шахан суувч
Алаг үзэлтнүүдийн өмнө харин сөхрөхгүй, сөгдөхгүй.
Нотлох баримтанд тулгуурлан нэрийг тань цэвэрлэнэ
Нойрноосоо, хулчгар нийгэм хүссэн хүсээгүй сэрнэ
Амьгүй албатууд бусдад нялзаахыг хичээнэ
Агнистын орноос анд минь энэ бүгдийг хараад шоолно.
Хууль нь гууль өнөөгийн нийгмийн
Хувирамтгай түшмэд үнэнийг гуйвуулсан ч
Үнэний наран нэгэн өдөр мандаж л таарна
Үүр цайхад харанхуй зугатаж л таарна
Уйлж дуулах хорвоогоос анд минь явсан ч
Урагшлах хүсэл зориг тань үргэлж бидэнтэйгээ!
Уйтай орчлонд, цуутай явсан андынхаа дурсгалд
Урагшаа бид тэмүүлнэ, удахгүй бид ЯЛНА!

2014.05.21-28

Энэ бол “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр хамт хоригдож байхдаа амиа алдсан Д.Амарсайхан агсанд зориулж бичсэн шүлэг юм. Өнгөрсөн өдрүүдэд энэ шүлэг цахим ертөнцөд хурдтай түгэж, хүний эрх шоронгийн хүйтэн шалан дээр хөсөр хаягдсан энэ явдлыг мартах ёсгүйг байнга шахуу сануулсаар байна. 

Бид бусдын гэм бурууг шүүх эрхгүй. Хийсэн хэрэг, гэм бурууг нь тогтоож, шийтгэл оногдуулах эрх зөвхөн шат шатны хуулийн байгууллагад бий. Гэхдээ хуулийн байгууллага тэр эрхээ зөвхөн Монгол Улсын хуульд нийцүүлэн эдлэх үүрэгтэй. Тиймдээ ч бид тэдэнд бас хуулиндаа итгэдэг.

Энэ удаад хэн нэгний хийсэн хэрэг, учруулсан хохирол, шийтгүүлсэн ялыг бичих гэсэнгүй. Зөвхөн хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм хаачив гэдгийг асуух гэж байна.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангид амиа алдсан явдлын хариуцлагыг ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржид үүрүүлж, албан тушаалаас нь огцрууллаа. Ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээх нь зөв гэж олон нийт үзэж байна. Харин энэ явдлын жинхэнэ буруутан нь хэн бэ гэдгийг шүүн тунгаасангүй. Д.Амарсайхан агсны өмгөөлөгчид шүүх байгууллагад худал санал хэлсэн прокурор хариуцлага хүлээх ёстойг хэвлэлээр сануулсаар. Өнөөдөр болох шүүх хурлыг ч тэд дахин эсэргүүцнэ гэдгээ хэлжээ. Үнэндээ энэ явдлын цаана мөсөн уул мэт нуугдаж үлдсэн шат шатны хуулийн байгууллагын ялзрал, завхрал дахиад яригдсангүй үлдлээ. Хариуцлага хүлээх жинхэнэ хүмүүс нь дахиад л нуугдаж чадлаа. Эцсийн дүндээ бидний байгуулсан ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгэм үнэн төрхөө гээчихэж.

Зүрхний хагалгаанд ороод хоёрхон хонож байсан хурандаа О.Зоригтыг тэргэнцэр дээр өргөж суулгаад, элэгний хагалгаа хийлгээд удаагүй байсан генерал Ч.Амарболдыг дамнуурган дээр хэвтүүлээд шүүх хуралд нь хүчээр авч явж байсан нь хоёр жилийн өмнө. “Бид үнэхээр хүчгүйдэж байна. Миний бие үнэхээр хүнд байна” гэж арай ядан сэтгүүлчдэд хэдэн үг хэлж амжсан хурандаа О.Зоригтын шаналалт царай хэвлэлд хэрхэн гарсныг бид мартаагүй. Саяхан “Жаст” группын захирал Ш.Батхүүг 461 дүгээр хориход есөн сар суулгасны эцэст сахарын өвчин нь ихэд сэдэрсэн шалтгаанаар нэгдүгээр шатлалын эмнэлэгт шилжүүлж, батлан даалтад гаргалаа. МИАТ-ийн экс дарга нар ч 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа өвчин нь сэдэрч, эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаагаа уламжилж байсан мэдээлэл бий. Д.Амарсайхан агсны төрсөн ахынх нь хүү 29 настай Ц.Чандмань гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус ангид хоригдож байна. Түүнийг бөөрний дутагдалтай гэсэн оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчид нь удаа дараа АТГ-д тавьсан ч зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ.

Анддаа зориулж хорихоос шүлэг бичсэн “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр мөн л хүнд өвчтэй байгааг хэвлэлүүд мэдээлсээр. Цагдан хорих ангиудын орчин нөхцөл тааруугаас хүний эрүүл мэнд муудсаар байгааг олон баримтаас ийнхүү харж болно. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүний амьд явах, эрүүл байх эрхийг ингэж боогдуулж байгаа юм чинь ял авчихсан хоригдлуудын орчин нөхцөл ямар байдаг бол. Тодорхой хэмжээнд олны танил, дээгүүр албан тушаалтангууд хоригдоод өвдсөн тохиолдолд нийгэмд мэдээлэл нь харьцангуй хурдан ирчихэж байна. Тэгвэл тэдэн шиг, тэднээс ч дор нөхцлд зовж шаналж, хорихын шалан дээр амиа тавьж буй хэдэн хүн байгаа вэ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, он гарсаар таван хүн хориход нас барсныг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат мэдээллээ.

Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний улмаас амиа алдсан юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн мэдээлснээр 2013 онд нийт 650 өргөдөл гомдол тус байгууллагад ирснээс 289 нь хорих, цагдан хориход хоригдож байгаа хүмүүсийнх байсан байна. 2014 он гарснаас хойш нийт 282 өргөдөл ирсний 134 нь хорих анги, урьдчилан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн байжээ.

Хангалттай баримт байсаар байтал бид нүдээ аниад, чихээ таглаад хүнлэг сайхан нийгэмд амьдарч байгаадаа итгэсээр явах уу. Дахин хэлэхэд гэмт хэрэг хийсэн хүнийг өмгөөлөх гэсэнгүй. Тэдэнд зохих шийтгэл нь очих ёстой. Гэвч гэмт хэрэгтэнд ч гэсэн амьд явах болон бусад эрхийг нь өгдөг хүнлэг, энэрэнгүй Монгол Улс биш бил үү.

Харамсалтай нь жишээнд дурдагдсан хүмүүс болон ХЭҮК-д ирсэн гомдлын дийлэнх хэсэг нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад эрх нь зөрчигдсөн байсан билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.