
Ухаан орсон цагаас эхлэн дэргэд минь аав гэж хүн байсангүй. Дандаа л ээж. Ээж ажилдаа явна. Ээж хоолоо хийнэ. Ээж гэрээ цэвэрлэнэ. Бүгдийг л ээж минь амжуулдаг байж.
Харин сургуулийн биеийн тамирын баяр, эцэг эхийн хурал болохоор ээж минь ирдэггүй байлаа. Хоёр биенээ тэжээх гэж зүтгэж ажиллаж байсан ээжид минь сургууль дээр ирэх зав үнэндээ байдаггүй байлаа.
Ажил, ажил, ажил... Ийм л амьдралд өсчээ, би.
15 нас хүрэх жил юм даг. Анх удаа ээжээсээ төрсөн өдрийн бэлэг авлаа. Дулаахан бор өнгийн ноосон цамц. Ээжээсээ бэлэг авна гэдэг хичнээн сайхан ч дотроо ээжийгээ ихэд өрөвдөж байлаа. "Ээж минь надад цамц авч байхын оронд энэ мөнгөөрөө хиймэл шүдээ хийлгэхгүй дээ" гэж бодож байв. Өөртөө биш үр хүүхэддээ бүхнийг зориулдаг эх хүн гэдэг агуу.
Гар нь хатууран эвэршээд нүүрэндээ ямар ч гоо энгэсэг түрхээгүй ээж минь миний төлөө хичнээн зүтгэж ажиллаж байгааг ойлгодоггүй байж дээ.
Зургийн альбом дээрхи залуу насны ээжийн минь ганган зураг үнэхээр л түүх болон үлджээ. Цав цагаан шүдээ яралзуулан инээх ээжий минь залуу нас гангар шаазан шиг хэврэгхэн бас богинохон байж.
Дэгэж дэрвэж явсан залуу насаа орхиж, дэндүү жаахан үрийнхээ төлөө зүтгэхээр эвэршсэн гар, энгэсэггүй царайг сонгожээ, ээж минь. Өөрийн эрхгүй нулимс гарч байлаа.
Удалгүй ахлах сургуулиа төгслөө. Энэ үед дэвшин суралцах тухай сургуулийн тухай хурал болоход ээж маань анх удаа гараа өргөн босч "Их сургуульд ороход хэдэн төгрөг зарцуулах бол?" гэж асууж билээ.
Их сургуульд явах ямар ч бололцоогүйг минь мэдсээр байж яагаад гэж бодон гайхан ээж рүүгээ харахад ээж минь надад хадгаламжийн дэвтэр үзүүллээ. Их сургуульд сурах 4 жилийн зардлыг ээж минь цуглуулсан байлаа. Өөрийгөө тоохгүй хаяж, миний л ирээдүйн төлөө ажиллаж байсан ээжээрээ бахархаад баршгүй.
Нутгаасаа хол сургуульд явах үед ээж минь нулимс дүүрэн инээвхийлэн "Миний хүү хичээгээрэй. Ээжийнх нь санаа одоо л нэг амарч байна. Энэ ороолтийг ээжийгээ санасан үедээ зүүгээрэй" хэмээн улаан ноосон хүзүүний ороолтоо надад зүүлгэж билээ.
Их сургуулийн 4 жилийг ээжийнхээ өгсөн бор ноосон цамц,у лаан ороолтоор чимэн амжилттай төгсөв.
Амьдралын баяр баясгалантай үед ч уйтгар гунигтай зовлонтой үед ч сэтгэлийг минь дулаацуулах цамц, ороолт хоёр. Ээжийн үнэртэй цамц, ороолт хоёртойгоо байхад би алзахгүй гэж боддог юм. Ээж минь тэнгэрийн холоос намайг харан хамгаалж л суугаа даа.
Н.БАЗАРСҮРЭН
Дусал өнгө