ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мишустиныг Ерөнхий сайдаар томилох болсон 6 шалтгаан

Twitter Print
2020 оны 02-р сар 02-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Янз бүрийн хувилбарууд яригдаж байсан боловч төрийн албанд 20 жил ажилласан өндөр албан тушаалтныг В.Путин сонгосон байна.

Дашрамд дурдахад, төрд 20 жил ажиллах явцдаа Мишустин “Дойчбанк”-ны харьяа нэгэн хөрөнгө оруулалтын компанид 2 жил удирдах албан тушаал хашсан байна. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН Мишустиныг Ерөнхий сайдаар томилохоор шийдвэрлэсэн нь дор хаяж 6 шалтгаантай гэдгийг “стандартная газета” сонинд дурджээ.

Мишустиныг барууныхан хүндэтгэн үнэлдэг

1. Мишустин бол төрийн удирдлагын тогтолцоонд инновацийг нэвтрүүлэх талаар манлайлан ажилладаг хүмүүсийн нэг юм. Тэрбээр татварын албанд автоматжуулалтын чиглэлд шинэчлэл хийж, цахим гарын үсэг, татвар төлөгчийн хувийн дугаар зэргийг нэвтрүүлсэн байна. Мөн татварын байгууллагуудад нэг цонхны үйлчилгээг бий болгожээ.

2. Мишустин бол хатуу гараар удирддаг хүн. Бизнесийн салбарт маш нарийн тодорхой хяналт тогтоосон хүн гэж түүний тухайд ярьдаг. Мишустины үед маш өргөн хүрээтэй татварын шалгалтуудыг явуулж байсан боловч тэрбээр өөрөө ярихдаа “татвар-бизнесийн харилцаанд эв найртай байхыг үргэлж эрхэмлэсээр ирсэн” гэдэг.

3. Мишустин олон улсын татварын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллажээ. Үүний тод жишээ бол Орос улс мөнгө угаах, оффшор бүст мөнгө нуух явдалтай тэмцэх зорилгоор хэрэгжиж буй BEPS олон улсын төсөлд оролцож байгаа явдал юм. Төслийн хүрээнд Орос улс татварын мэдээлэл солилцох системд нэгдсэн ба ингэснээр улс орон бүрийн талаарх шаардлагатай мэдээллийг онлайнаар авах боломжтой болсон байна. Төсөлд оролцож байгааг Путин сайшаажээ.

путин мишустин зурган илэрцүүд

4. Шинэ технологи, шинэ программ хангамж ашигласны үр дүнд хурааж буй татварын мөнгөн дүн дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч байна. 2017 онд хураасан татварын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20 хувиар, 2018 онд 23 хувиар тус тус өссөн ба 2018 онд татварын орлого 21,3 их наяд рубльд хүрсэн нь Орос улсын нэн шинэ түүхэн дэх дээд амжилт юм.

5. Путинтэй найз нөхдийн харилцаатай бөгөөд 2015 онд тэрбээр “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнуулсан байна. Путин, Мишустин нар Хоккейн шөнийн лигт хамт тоглодог ба Мишустин хоккейн ЦСКА багийн хөгжөөн дэмжигч ажээ.

6. Мишустин бол хангалттай хэмжээний орлоготой хүн. Түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл төдийлөн их байдаггүй боловч тэрбээр татварын тайлангаа олон нийтэд ил болгожээ. 2018 онд Мишустин эхнэрийн хамтаар 65 сая рублийн орлого олсон ба эхнэрийнх нь цалин хоёр дахин нэмэгдсэн аж.

Б.Хурцбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.