Атаархсанаа ил хэлдэг хүнээс бүү ай...

Twitter Print
2020 оны 11-р сар 21-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Өөрийнхөө ЗӨВ гэж бодсоноор яв. Санаа нийлж болно, нийлэхгүй ч байж болно. 

- Атаархсанаа ил хэлдэг хүнээс бүү ай.

- Атаархсанаа нуудаг хүнээс хол бай.

- Өөрийг тань дэмждэг, урам өгдөг хүнтэй хамт бай.

- Өөрийг тань хүлээн зөвшөөрдөг хүмүүстэй хамт ажилла.

- Ухаан нь тэлсэн хүмүүсийн бичсэнийг уншиж бай.

- Зорилготой нь мэдрэгддэг, мэргэжилдээ үнэнч, судалгаа хийдэг хүмүүсийн бичсэнийг уншиж бай.

- Хүнд хэцүү үед чинь сэтгэл санаа, урам зориг, хөрөнгө мөнгөөр тусалсан хүнийг хэзээ ч бүү март, сэтгэл зүрхэндээ үргэлж хүндэл, насан туршдаа ачийг нь санаж яв. Чадалтай болсон үедээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийл.

- Зорилго ижил гэвч цаанаа “өөр үйлдэл” хийдэг хүнээс хол бай.

- Өөрөө өөрийгөө олчихсон хүнтэй найзлахыг хичээ.

- Өөрөөсөө илүү гэж боддог хүмүүстэй ярилц, асуух зүйлээ асуу.

- Нэр төр, эд хөрөнгөний шуналаа гээсэн хүнтэй нөхөрлө.

- Архины хамааралтай, уух дуртай хүнээс хол бай.

- Зөв хандлагатай залуучуудыг дэмжиж бай.

- Суралцах чин хүсэлд хөтлөгдсөн хүмүүсийг дэмжиж бай.

- Жилийн дотор өчнөөн хувирдаг хүмүүсээс хол бай.

- Уг хүний зан чанарын онцлогт нь тохируулан харилцаж чадахгүй бол анхнаасаа харилцах хэрэггүй.

- Цаг барьдаггүй, цагийг чухал гэж үздэггүй, ажиллах цагт ажиллаж, амрах цагт амрах ёстой гэдгийг ойлгодоггүй, цагийн төлөвлөгөөгүй хүмүүстэй хамтрах хэрэггүй, цагийн гарз.

- Нөхцөл байдлаа тайлбарлаад байхад ойлгодоггүй, өөрийнхөөрөө дөргүй бух шиг зүтгэдэг хүнтэй цаашид хамт ямар нэгэн зүйлийг үргэлжлүүлнэ гэдэг хэцүү. Харилцаагаа зогсоосон нь дээр.

- Яг таг тохирчихоод хэлсэн цагтаа ирээгүй, учир шалтгаанаа тухайн цаг мөчид тайлбарлаагүй, хэнэггүй зантай хүнтэй дахиж харьцах хэрэггүй. Хүний төрөлхийн зан, хүмүүжил амархан засагддаггүй юм.

- Өөрийг тань таньдаг, мэддэг, тааралдахаараа жигтэйхэн саймширдаг, “би таны юу хийж байгааг мэдээд байгаа, хараад байгаа, бичсэн бүхнийг чинь уншдаг, маш хэрэгтэй зүйлс бичдэг шүү” гэж хэлдэг хүмүүс их бий. Гэвч тэд сайн таньдаг хэрнээ нүүр номын харилцаан дээр ямар ч мессэж, комэнт, дэмждэг, дэмждэггүйгээ илэрхийлдэггүй. Яг л вампир гэсэн үг. Заримдаа тийм вампируудыг нэг нэгээр нь сэмхэн цөөлж байх хэрэгтэй.

- Нүүр номоо сайн цэвэрлэж бай. Ямар ч нүүр царайны зураг байхгүй, нуугддаг, өөрийн нэрээр бус хуурамч акаунтууд олон бий. Байнга сөрөг мэдээлэл бичдэг, хэт улстөрждөг, хэт үндсэрхэг үзэл бичиж тулгадаг, бүх зүйлийг “хужаа, хятад” болгож хардаг, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаг, хорвоогийн бүх амьдралыг мэдэгч хүмүүсээс өөрийн орчныг цэвэрлэх хэрэгтэй.

- Өөрийн ажилладаг салбарын хүрээнээс гарч өөр бусад салбарын хүмүүсийн хүрээлэлд орж бай. Мэдлэг, оюун ухаан тэлдэг юм. Салбарынхаа бугшсан, сандал суудалдаа шигдсэн, олон жил нэг албан тушаал дээр хадагдсан, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө тухайн суудлыг ашигладаг, ажиллаж буй салбарынхаа ирээдүйг бүхэлд нь харж чаддаггүй, бид нар л зөвхөн энэ салбарыг мэддэг, бусад нь хэн юм бэ, юу юм бэ гэж хардаг хүмүүсийг бүү хүндэл, тэднээс сурах зүйл байхгүй учраас зүгээр л орхих хэрэгтэй. Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд урагш алх. Нэг мэдэхэд тэднээс “маш хол” явчихсан байх болно.

- Өөрийнхөө мэдлэгийг зөвхөн “мөнгө, мөнгө” гэж хардаг, салбарт их чухал хэрэгтэй хүн гэж ойлгогддог, салбарын бүх арга хэмжээн дээр илтгэл тавихаар уригддаг, тэгсэн хэрнээ шинэ санаа юу ч байхгүй, нөгөө л ярьдаг зүйлээ тоть шиг давтдаг хүний илтгэлийг сонсох гэж цагаа үрэх хэрэггүй. Хөтөлбөрийг нь хараад очих очихгүйгээ шийдчихдэг байх хэрэгтэй.

- Аливаа зүйлийг төлөвлөгөөгүйгээр бүү хийж бай. Өнгөрсөн нийгэмд “хөгшрөх тусам туршлага сууна, залуу хүн алддаг, алдаж байж сурна” гэж үздэг байсан бол энэ нийгэм тийм биш. Энэ нийгэмд алдаа бага гаргаж, цаг хугацааг хурдан шуурхай ашиглаж, мэдээллийн технологийн хурданд өөрийгөө тохируулж явахаас өөр аргагүй нийгэм. Тийм учраас “төлөвлөгөө” хэрэгтэй. Тийм учраас зөвлөхүүд, чадварлаг “баг” хэрэгтэй.

- Залуу үеэ хүлээн зөвшөөр. Z үеийнхнийг “одооны хүүхдүүд” гэж бүү хар. Өөрийнхөө амьдарч байсан нийгмийн үеийн хүүхдүүдтэй харьцуулах шаардлагагүй. Энэ бол нийгмийн хувьсал. Тэдний тархи, сэтгэлгээний хурдтай эвлэр.Тэдний сонирхол, хийж байгаа нь санаатай үйлдэл биш.

- Хувийн амьдралаа “нүүр ном”-д хамаагүй бүү дэлгэ. Хэрвээ ямар нэгэн алдаа эндэгдэл гаргах тохиолдолд энд тэнд найз нөхөд, гэр бүлтэйгээ авхуулсан зураг чинь, хийсэн үйлдэл чинь “сошиал”-аар гэнэт давалгаалан гарч ирж хорвоогийн “хамгийн адгийн хүн” ч болж магадгүй.

Ч.Буянбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.