Карло Анчелотти Реал Мадрид клубыг хоёр дахь удаагаа дасгалжуулахаар эргэн ирлээ

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Испанийн Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан дасгалжуулагчийнхаа үүрэгт ажлыг хүлээлгэн өгөөд байсан билээ. Тэгвэл Испанийн багийг өмнө нь дасгалжуулж байсан Карло Анчелотти клубын шинэхэн дасгалжуулагчаар томилогдлоо.

Карло Анчелотти Реал Мадрид клубыг дасгалжуулахаар боллоо. Түүний хувьд өмнө нь Реал Мадридыг 2013-15 оны улиралд дасгалжуулж аваргуудын лиг, Испанийн цомд түрүүлж байжээ.

Реал Мадрид клуб мэдэгдэлдээ Карло Анчелотти ирэх гурван улирлын турш багийг удирдана хэмээжээ. Түүний хувьд өнөөдөр Реал Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перезийн хамт албан ёсны гэрээнд гарын үсэг зурна. Итали менежер

Испанийн аварга багтай дахин нэгдэхээр Премьер лигийн Эвертон клубын дасгалжуулагчийн ажлаа орхисон байна. Түүнийг явах тухай мэдээлэл цацагдсаны дараа Анчелотти твиттер хуудсаараа дамжуулан Эвертон клубт талархал илэрхийлжээ. Тэрээр твиттер хуудсандаа “Энэ гайхалтай, түүхэн клубыг удирдах боломжийг надад олгосон Эвертонд, миний тоглогчид болон дэмжигчдэд талархал илэрхийлье. Миний зүрх сэтгэлд үргэлж байдаг Реал Мадрид багийг удирдах шинэ сорилт ирж байгаа тул явахаар шийдсэн. Бид хамтдаа туулсан бүх гайхалтай мөчүүдийг үргэлж санаж явах болно. Клуб болон фенүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" хэмээн бичжээ.

Италийн шигшээ багийн тоглогч асан Анчелотти тоглогч, менежерийн карьерынхаа туршид олон цомын эзэн болж байсан бөгөөд Аваргуудын лигт гурван удаа түрүүлсэн гурван менежерийн нэг билээ. Өдгөө 61 настай тэрбээр өмнө нь Европын супер багууд болох Милан, Челси, Пари Сен Жермен, Байерн Мюнхенийг удирдаж байсан бөгөөд эдгээр бүх клубуудыг дасгалжуулж байхдаа ямар нэг цом авч байжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.