Монголд үл үзэгдэгч хүн байсан юм биш биз?

Twitter Print
2015 оны 07-р сар 20-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Цаг үе, нийгэм шилжрэн солигдож байсан хэдэн жилийн өмнө Монголоор дүүрэн ид шидтэй хүмүүс гэнэт гарч ирж байсан санагдана. Ховсчин, мэргэн, харь гаригийнхантай уулздаг гээд л тухайн үедээ нийгмийг шуугиулж байсан этгээдүүд дараа нь дандаа луйварчид болж таарсан. Бидний хэсэг нөхөд тэр үеийн хөгтэй, балагтай олон явдлуудыг хаман ярьж, цуурч байх зуур нэгэн тохитой томоотой, нүдэнд дулаахан, хижээл насны хүн ярианд нэгдэж хачирхалтай сонин түүх хүүрнэснийг уламжилж байна.

- Би энэ жил 75 настай. Бага хүүхэд байхдаа тэр их хүнийг харж байсан юм. Гэхдээ би сайн санадаггүй л дээ. Тэр хүн манай авга талын төрөл юм л даа. Логшар гэдэг сонин нэртэй өвгөн байсан. Энэ тухай аав маань сайн мэддэг байсан болохоор надад ярьж өгсөн юм. Логшар бол Засагт хан аймгаас уг сурвалжтай хүрээ хүн байжээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар цэрэгт татагдаж алба хаажээ. Энэ үеэрээ Богд уулын баруун хойд суганд гэсэн байх аа, айлд очихоор даргатайгаа явж байгаад аянганд ниргүүлсэн байдаг юм. Даргаасаа 50-иад метр зайнд л бие засаад зогсож байсан юм байх. Хиншүү ханхлаад л явчихсан гэдэг. Гутал хувцас, бүр буу нь хүртэл түлэгдсэн байхад мань эр амьд үлджээ. Айлд авааччихсан хүмүүс шаваад л их зовлонтой байж л дээ. Мань эр залхсандаа “Эд нарт харагдахгүй болчихдог болоосой” хэмээн бодож хэвттэл хүмүүс таг чиг болчих юм гэнэ. Тэгснээ л “Нөгөөх чинь хааччих ваа?” гэцгээж эхэлжээ. "Энэ хүмүүс чинь хэвтэж байгаа хүн яахаараа харахаа больчихов оо?” гэж бодоод “Би хэвтэж л байна ш дээ” гээд гэрийн эзэнд гараа хүргэтэл нөгөөх нь ухаан алдаад уначихсан гэдэг. Мань эр ч “Би харагдаж л байна шүү дээ” гээд бодтол хүмүүс “Хүүш, энэ хэвтэж байна шүү дээ” гэж дуу алдсан гэдэг. Логшар гуай ч их гайхсан нь ойлгомжтой. Тэгээд даргаасаа энэ тухай асууж л дээ. Дарга нь ч түүний гэнэтхэн алга болсныг ярьсан юм байх. Тэр оройгоо бие нь илааршин хөл дээрээ босон гарахдаа энэ явдлыг туршаад үзэхээр шийджээ. Тэгээд л алга болно гээд л ухаан бодлоо төвлөрүүлснээр хэсэг хугацаа өнгөрч. Өөрөө өөртөө харагдаад байсан болохоор алга болсон эсэхээ сайн мэдэхгүй байлаа. Гэтэл хажуу айлаас нэгэн залуухан хүүхэн гараад бие засахаар явлаа гэнэ шүү. Залуу байсан болохоор ч тэр үү, саваагүйтэхээр шийдээд араас нь сэмхэн дагажээ. Хүүхэн ч ойролцоох жалганд ороод өмдөө шувтлаад суулаа гэнэ. Сэмхэн алхаад өмнө нь очоод зогссон чинь ер ажрах шинжгүй элсэн дээр хуруугаараа юм зурсан шиг сууна гэнэ шүү. Нэгэнт харагдахгүй байна гэдэгтээ итгэсэн Логшар гуай бөгсийг нь илээд авчээ. Нөгөөх нь огло үсрэн боссоноо ийш тийшээ харан гайхаж байснаа буцаад суужээ. Ингэж л гэнэтхэн ийм шидтэй болсноо мэдсэн гэдэг.

Гэвч тэр үед энэ тухайгаа хүн хард хэлж мэдээж болдоггүй цаг үе байсан болохоор их болгоомжтой хөдөлж эхэлсэн гэдэг. Хэрвээ ийм юм ярьвал толгойгүй болно шүү дээ. Дарга нь нэгэнт харчихсан учраас хэлчих байх гэж айжээ. Тэгээд даргадаа “Та энэ явдлыг хэнд ч бүү хэлээрэй!” хэмээн нухацтайхан хэлсэн гэдэг. Нөгөөх нь яахав ховсонд автчихгүй юу. Яг л хэлэх гэхээр гар, хөл, хэл нь татчихдаг болсон аж. Тэгээд түүнтэй тааралдчихаараа нүд нь эргэлдээд л хачин болдог байсан гэнэ лээ.

Манай өвгөн их сэргэлэн хүн байсан юм шиг байна лээ. Архи их уудаг байж л дээ. Архи хулгайлаад уучихдаг байсан гэсэн. За тэгээд охид, хүүхнүүдийг оролдох гэх зэрэгт ашиглаж саваагүйтдэг байсан юм билээ. Мөн энэ шидээ ашиглаж амиа аварсан түүхтэй.

1930-аад оны дундуур мань хүнийг тайж угсаатай хүний хүүхэд, баян тарган гээд баривчлах болсон юм байх. Дотоод яамны хүнийг ирэхэд нүдэн дээр нь алга болж байсан гэдэг. Цаадахь нь цаагуураа шүтлэгтэй байсан юм уу, 40-н он хүртэл хөөцөлдөөд хаясан гэдэг.

-  Үүнийхээ нууцыг аавд чинь хэлж байсан болов уу?

-  Өөрөө сайн тайлбарлаж чаддаггүй байсан гэсэн. Үхэхдээ хүртэл алга болон тоглож байсан гэдэг.

-  Одоо үр удам нь бий юу?

-  Байлгүй яахав. Үр удам нь сайн явж байна. Тэр ид шид нь даан ч удамшсангүй дээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.