Израилийн Батлан хамгаалахын сайдыг огцруулсныг иргэд эсэргүүцжээ

Twitter Print
2023 оны 03-р сар 27-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Израилийн Батлан хамгаалахын сайдыг огцруулсныг иргэд эсэргүүцжээ Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн ням гарагт Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг албан тушаалаас нь огцруулжээ.

Йоав Галантын зүгээс Беньямин Нетаньяхугийн засгийн газраас санаачилсан маргаан дагуулаад буй хуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг цуцлахыг уриалсан ба түүний хэлснээр Израильд үүсээд буй нөхцөл байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

Тэрээр дээрх хуулийн төслийг Израилийн армийн цэргүүд, үндэсний аюулгүй байдлын албан хаагчид хүртэл эсэргүүцэж байгааг онцолжээ.

Үүний хариуд Ерөнхий сайд Б. Нетаньяхугийн тамгын газраас өнгөрсөн ням гарагт, "Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөө орой Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа." гэсэн мэдэгдэл гаргажээ.

Йоав Галантыг албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээ гарсны дараа Израилийн далбаа барьсан олон арван мянган иргэд гудамжнаа гарч, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Иерусалим дахь Б. Нетаньяхугийн гэрийн гадаа цугларсан жагсагчдыг цагдаа нар даралттай усны тусламжтай тараасан байна. Йова Галантын мэдэгдлийг Израилийн сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Яир Лапид зоригтой алхам, Израилийн аюулгүй байдалд нэн чухал мэдэгдэл хэмээн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Б. Нетаньяхугийн засгийн газраас санаачилсан хуулийн төслийн эсэргүүцэж буй иргэдийн жагсаал цуглаан 12 дахь долоо хоногоо үргэлжилж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр өнгөрсөн ням гарагийн жагсаалд 600 мянга гаруй хүн оролцжээ. Б. Нетаньяхугийн санаачилсан хуулийн төслийн дагуу парламентын олонх нь Дээд шүүхийн шүүгчдийг томилох эрхтэй бөгөөд Дээд шүүхийн засгийн газрын шийдвэрт хориг тавих эрхгүй болох аж.

Израилийн парламент уг хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх ба уг хуулийн төслийг батлах нь Израилийн ардчиллыг үгүй хийнэ гэж иргэд үзэж байгаа юм.

Өнгөрсөн 12-р сард Израилийн Ерөнхий сайдаар 6 дахь удаагаа томилогдсон Б. Нетаньяху жагсагчид түүнийг албан тушаалаас нь унагах зорилготой гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.