
Эхлэл брэндийн захирал Ч.Батзаяа шинэ он гарсны дараахан бүтээгдэхүүнээ гадны улсад экспортолж эхлэхээр болсноо зарлаж байсан.
Гэвч, Гаалийн ерөнхий газрынхны хүндэл суртлын өмнө “сөхөрч”, бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байгаа талаараа өөрийн цахим хуудастаа бичиж, иргэдээс дэмжлэг хүсчээ.
Тэрбээр “Гар утасны чихэвч, цэнэглэгч, usb кабель, повер банк зэргийг эх орондоо хийж улмаар экспорт хийх нь миний мөрөөдөл. Энэ зорилгынхоо төлөө нэг ч өдөр нэг ч цаг бууж өгөөгүй зүтгэсээр 2019 оны 9 сарын 19 өдөр Монголын анхны электрониксийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж Монголчууд бид чихэвч, цэнэглэгч, usb кабелуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болж эхэлсэн.
Экспорт хийх мөрөөдлөө биелүүлэхээр 2019 оны 11 сард Энэтхэг улсыг зорьж бүтээгдэхүүнээ танилцуулж Банглор хотын нэгэн компанид Монгол бүтээгдэхүүн нийлүүлэх 2 жилийн гэрээ байгуулсан. Ингээд мөрөөдөл маань биеллээ гээд бөөн хөөр баяртайгаар эх орондоо иргэж ирсэнээс хойш 2 хоногийн дараа Энэтхэг түншүүд маань бараа бүтээгдэхүүн чинь ихэд таалагдлаа эхний удаа бүтээгдэхүүн бүрээс чинь 150-500 ширхэгийг авах хүсэлтэй байна гэж анхны захиалгаа өгдөг юм байна.
Бид бүхэн Монгол улсын түүхэнд анх удаа нэмүү өртөг шингэсэн, Монгол технологийн бүтээгдэхүүн экспорт хийх гэж байна шүү дээ. /Алт, Нүүрс, Ноолуур, Үнэт чулуу гаргах гээгүй/ Тэгээд хөөцөлдөж эхэллээ. 2 сар материал бүрдүүллээ. Өнөөдөр болтол бид экспортоо хийж чадсангүй. Монгол улсын гаалийн ерөнхий газар Монгол Технологийн брэнд дэлхийн зах зээлд гарахад дургүй бололтой. Монгол компани гаднаас доллар оруулж ирэх нь нүгэл гэж үзсэн бололтой.
Монголын технологийн брэнд дэлхийд өрсөлдөх нь буруу гэж үзсэн бололтой. Тэдний бодолоор Нүүрс, Ноолуур, Алтаа өдөрт хэдэн тонноор нь гаргаад байж байх нь зөв харин Монгол хүний ур ухаан шингэсэн 150хан ширхэг Bluetooth чихэвч гаргахад онгоц даахгүй эсвэл онгоц дэлбэрэх аюултай бололтой. Өнөөдрийг болтол бид бүхэн Энэтхэг захиалагчдаа худлаа ярьж байна. Тэд Монголчууд ямар худалч юм бэ? гэнэ. Монголын гааль ямар байгааг тэд мэдэхгүй.
Монголын гаалийн ерөнхий газар бол хүнд суртал, утга учиргүй дүрэм журам, данхар бүтэцийн тод жишээ гэдгийг тэд мэдэхгүй. Миний бие Монгол улсын иргэн хүн Монгол брэндээ экспорт хийхэд ийм байгаа юм чинь гадны хөрөнгө оруулагч бол үгээ хэлэх нь аргагүй юм байна. Монголын том гэсэн компани бүр л гадаадын алдартай брэндүүдийг мөнгөө өгөөд оруулж ирж байхад бид бүхэн харин эсрэгээрээ тэр гадаадуудаас мөнгийг нь авч эх орон уруугаа оруулж ирэх гэж байгааг Монголын гааль ойлгох тэнгэрлэг ухаан хайрлаасай билээ. Эх орны хөгжилд Эх оны брэндийн экспорт чухал гэж бодож л байвал та дэмжээрэй” гэсэн байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.