Маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн

Twitter Print
2022 оны 08-р сар 05-нд 18:58 цагт
Мэдээний зураг,

Маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн

Бөхийг хоригломоор байна. Тэгэхгүй бол олон эрэгтэй хүүхэд хайран залуу сайхан насаа бөх, тэх гэж яйран өнгөрөөж, ид насандаа хийх ажилгүй ажилгүйчүүд болоод байна. Бөхийг хориглочихвол 100,101 жилийн 1024 сайхан, ид ажлын залуус бэлэг сэлт гэж хүний гар харахгүй эрдмийн мөр хөөж, мэдлэг, чадвараар илүү баталгаатай сайхан амьдралын замыг эрт олох нөхцөл бий болох юм. Бөх насаараа бат бөх байдаг гэвэл үгүй. Ихэнхи нь их эрт гэмтэл аваад эрүүл мэндээрээ хохирч, хэт ачаалал авснаасаа зүрх нь савладаг болчихсон хүмүүс байдаг юм.

Тэгээд тэд ид ажиллах насаа олигтойхон хийх ажилгүй байсаар өнгөөрөх тавилантай учрах нь олон. Тэгээд ч манай улс ажиллах хүчээр бялхчихсан улс биш. Ийм сайхан эрүүл саруул залуучууд бөх гэж хайран цагаа яйран өнгөрөөж явахын оронд баялаг бүтээгч болж улс орондоо хувь нэмэртэй явбал өөрсдөд нь уг нь их хэрэгтэй юм. Ийм зорилгоор бөхийг яаралтай энэ улсад хоригломоор байна. Яг энэ шалтгаанаар Японд сумо болох хүүхэд олдохгүй болчихсон шүү дээ. Удахгүй манай улс хөгжөөд тунгалагжаад ирэхээр бөх болох хүүхэд уулаасаа мэдээж олдохгүй.

Морь уралдуулахыг хоригломоор байна. Ийм цэнгүүн эрт галавын үе, тулалдаж, байлдахаас өөр онцын хийх зүйлгүй цагийн хүмүүсийн хийдэг үйл юм. Одоо амьтны эрхийн хамгаалах үүднээсээ ч, бас манайхны уламжлалт гэх хамаг амьтны тусын тулд байх нөгөө ламаизмын шашины үүднээс ч сүлдэнд тахисан эрдэнэт хүлэг, сайн нөхөр морио дөрвөн улирлын турш зовоох нь хүний ёс биш, хүнлэг энэрэнгүй ёс биш юм. Манай ёс ч биш юм. Харин мөнгөний ёс болчихоод байна.

Уул тахихыг хоригломоор байна. Байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг цэвэр тунгалаг байдлаар нь жам ёсоор нь хадгалж хайрлах нь эртнээс өнөө хүртэлх хүн төрөлхтний хамгийн эрхэм ёс, үнэт зүйл юм. Уул тахих гэдэг уул бохирдуулах, дарцагуулах, суваргажуулах, хөшөөжүүлэх,уйхайлан уурхайлах гэсэн утга биш. Харин байгаль, уул усаа хамгаалах, тэдний зүй ёсны орших нөхцлийг нь эвдэхгүй байх, хонь ямааг идэх гэж хүй олноор үржүүлж түүнийг тахлахгүй байх зэрэг хүн, байгалийн зүй зохистой ухаалаг харьцааг л уулыг хайрлаж хамгаалж байна гэж тусгаж авбал ононо. Дэлхийн хаа сайгүй сайхан уул байна аа байна. Тэр бүхнийг дэлхий тахиж байна гэж бохирдуулаад байгаа юм алга. Марсын Олимпийг эндээс тахиад байгаа юм алга, харин түүнийг судалж л байна.

Ийм гурван зүйлийг хориглосны дараа маш олон хүн эдийн засгийн маш ашигтай байна, үрлэгэн биш байна гэж баясах нь дамжиггүй. Ёстой их баярлалаа гэх нь ч олон байх нь дамжиггүй. Бид тань бие биеэ дуурайж намаржингаа дов бүрийг тахих гэж маш их ядарч байгаа шүү дээ. Ядуурч ч байгаа ш дээ. Үрлэгэн зардал гардаг шүү дээ. Урдах довд тань үнэндээ бидний ийм ачлал огт хэрэггүй. Харин зөв зүйтэй харьцаа л тэдэнд хэрэгтэй юм. Тэгэхийн тулд түүнийг судалдаг юм.

Монгол уламжлал энэ тэрээ гэж хэлж, одоо яана гэж үү!

Уламжлал ухаарлаар шинэчлэгдэж, соёлжиж, иргэнжиж байдаг нь хөгжлийн жам ёс юм. Хөгжил, иргэншил ийм л байдлаар явагддаг.Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Өөрчлөгддөггүй зүйл үгүй.

Тийм учраас энэ гурван үрлэгэнг энэ улсад маш яаралтай хориглох хэрэгтэй. Тэгэхэд эхлээд эвгүй мэт авч эцэстээ их эвтэйхэн байх болно. Хөгжилтэй, хөгжсөн юм шиг байх болно. Хамгийн гол нь хүн бүрт эдийн засгийн хувьд тэр хориг их эвтэй байх юм. Улсад бол бүүр эвтэйхэн болно. Хэмнэсэн мөнгөөрөө гадаад өрөө төлнө гээд л…

Судлаач, доктор, дэд профессор Ц.Лувсандорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • u

      (202.9.40.83) 2022-08-06 19:33
      • 0
      • 0

      Маш зөв, хүүхдийнхээ амь насаар наадахаа зогсоо.

      Хариулах