Н.Номтойбаярын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордны хойд талын “Tri skell” франц зоогийн газар хүн хутгалж, танхайрсан хэрэг үйлдсэн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд шуугиж, бие биенээ буруутгасан мэдээлэл, ярилцлага өгсөөр, эцэст нь Мунзуй хэмээх Нямдорж энэ оны 4-р сард мөрийтэй тоглосон, машинаас нь хар тамхины төрлийн бодис олдсон гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид хоригдсоноор хэрэг нэг хэсэгтээ нам жим болж, сураг алсарсан. 

Тэрээр шоронгоос уртаас урт захиа бичиж Их хурлын гишүүн Н.Номтойбаярын талаар урд нь хэлж ярьсанаа бичгээр дэлгэрэнгүй баталгаажуулсан байдаг. Тэрхүү уншсан хүн айж цочмоор урд өмнө нь сонсож дуулж байгаагүй тийм харгис зан араншин, бузар хэргийн талаар нүдэнд харагдтал дүрслэн бичсэн тэрхүү захиа гээчийг манай сайт мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тухайн үед нийтлэн гаргаж байсан билээ. 

Мунзуй Г.Нямдорж шоронгоос илгээсэн захидалдаа “Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж, нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй. Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмэний хүүхдэд атаархаж зодож нүдэж, толгой дээр нь шээж байсангүй.

Бугын зуулт гэдэг хачин зүйл хүртэл хармаалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй. Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүйлийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм худал хэлж чадахгүй. Нэг танхимд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй” гэсэн байдаг.

Эхэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Г.Нямдоржийг таньж мэдэхгүй гэж цагаан цаасан дээр хараар тамгалан ярилцлага өгч байсан бол саяхан нэгэн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр түүнтэй нэлээдгүй дотно сайн найз нөхдийн харилцаатай явснаа, тэр байтугай эхнэр хүүхдэд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, туслаж дэмжиж явснаа хүртэл дэлгэж орхисон. Тэр байтугай Г.Нямдорж хүүхдэдээ Н.Номтойбаярын нэрийн хэсгээс нэр өгөх гэж байсан тухай ярьсан нь хэр ойр дотно явсныг илтгэнэ.  

Их хурлын гишүүн Н.Номтойбаяр болон “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох энэхүү хэрэг прокурорт шилжээд байсан. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр саяхан тэдэнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Уг нь хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд дэлгээд өгсөн, Н.Номтойбаяр гишүүнд холбогдох хөдлөшгүй баримтаар нотлогдоод байсан гэх энэхүү хэрэг ийнхүү замхарч байгаа ч хэрэг хуучирдаггүйн үлгэрээр цаашид ямархуу түүхээр баяжигдан өрнөх бол гэдгийг хүлээх л үлдлээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.