Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлэхээр боллоо

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзаж, Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хөдөө орон нутгийн бүсийн төв, зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежмент, суралцагч, багш, байгууллагын үнэлгээний тогтолцоо, төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж үзэхийг хүслээ. Мөн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа ерөнхий боловсролын төрийн өмчийн гурван сургуулийн багш нарыг Кембриджийн Олон улсын шалгалтын төвд мэргэжил дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах саналыг тавилаа.

Багш нарын чадавх бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багш нарыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад мэргэшүүлэх, англи хэлний чадварыг дээшлүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.