“Google” компани Nexus 5 утсыг худалдаанд гаргалаа

Twitter Print
2013 оны 11-р сар 04-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

"Google" компани удаан хүлээлгэсэн Nexus 5 утсаа худалдаанд гаргалаа. Энэ утас цоо шинэ Андройд Киткат үйлдлийн системтэйгээр худалдаанд гарч байгаа юм. LG компаний угсарсан шинэ гар утас өмнөх хувилбараас арай жижиг, нимгэн хийгджээ. Харин дэлгэцний хэмжээ нь 4,96 инч буюу 126 милимитр бөгөөд Nexus 4 утаснаас том дэлгэцтэй юм. Шинэ утасны нэг онцлог нь Андроид үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар Киткат үйлдлийн системтэй анхны утас болж байгаа. Андроидын шинэ үйлдлийн систем цоо шинэ үнэтэй утаснуудаас гадна арай хямд үнэтэй хуучин ухаалаг утсанд зориулагдан бүтээгджээ. Статистик судалгаагаар хэрэглэгчдийн хамгийн их сонирхдог ухаалаг гар утаснуудыг “Самсунг”, “Аппл” компаниуд үйлдвэрлэдэг. Харин шинэ Nexus 5 утас хэрэглэгчдийн сонирхлыг татаж дээрх хоёр компаний өмнө орно гэж үйлдвэрлэгчид найдаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл зарагдсан ухаалаг гар утаснуудын 3,8 хувийг LG компаний утас эзэлжээ. Үүний үр дүнд тус компани өмнөд Солонгосын гуравдах хамгийн алдартай гар утас үйлдвэрлэгч компани болж байгаа юм. Харин тухайн үед “Аппл” компаний утас 18,8 хувийг эзэлж байсан бол “Самсунг” компаний утас 29,7 хувийг эзэлж байсан юм. Шинэ Nexus 5 утас өмнө нь “Google” компаний албан ёсны сайтад бичигдэж байснаас хэд хэдэн зүйл өөрчлөгдсөн байна. LG компаний G2 утсанд байдаг шиг 1080 пикселийн өндөр нягтралтай дүрс бичлэг хийж, үзэж болох бөгөөд нэгж хугацаанд хэд хэдэн зураг зэрэг авах чадалтай камертай. Энэ нь хэрэглэгчдэд өөрийн хүссэн хамгийн сайн кадрыг сонгох боломж олгожээ.

Шинэ ухаалаг утас өнөөдрөөс эхлэн АНУ, Их Британи, Канад, Австрали, Франц, Герман, Испани, Итали, Япон, Солонгос улсуудад худалдаанд гарч байна. “Google” компаний мэдэгдсэнээр 16 гегабайт санах ойтой утас 349 америк доллар харин 32 гегабайт санах ойтой утас нь 399 америк доллараар зарагдах юм. Андроидын Киткат шинэ үйлдлийн систем нь бага хэмжээ эзлэх учир утаснаас техникийн өндөр үзүүлэлт шаардахгүй. Андроид хөгжүүлэгч багийн ахлагч Сундар Пичай "Таны гарт бид 2014 оны бүх ухаалаг утсанд суурилах Киткат үйлдлийн системийг атгуулж байна. Үүний тусламжтай бид дахин нэг тэрбум хүний хэрэглээ болох боломжтой." гэжээ. Андроид хөгжүүлэгчдийн дараагийн зорилт шинэ үйлдлийн системийг техник үзүүлэлт муу, хуучин утаснуудад тохируулах бүтээх юм. Учир нь Андроидын хэрэглэгчид хуучин үйлдлийн системтэйгээ зууралдаж байх зуур “Аппл” компани хэрэглэгчиддээ шинэ гарсан iOS үйлдлийн системийг өмнөх загварын iPhone, iPod, iPadндаа суулгах боломж олгодог. Түүнчлэн Пичай "Бид бүх Андроид хэрэглэгчдэд шинэ үйлдлийн систем утсандаа суулгах боломж олгоно гэдэг хамгийн чухал зүйл." гэжээ. Киткат үйлдлийн системийн харагдах байдал, үзэмж зэрэг нь хэрэглэгчдийн Андроидоос үргэлж хүсдэг хэмжээнд хүрсэн бөгөөд маш олон сонирхолтой, хэрэгтэй үйлдлүүдийг нэмсэн гэдэгт итгэж болно. Жишээ нь та кино театрын ойролцоо явж байлаа гэхэд Киткат үйлдлийн системтэй утас танд киноны цагийн хуваарийг хэлж өгнө. Тэр ч бүү хэл таныг алдартай цэцэрлэгт хүрээлэнд явж байхад танд тухайн цэцэрлэгт хүрээлэн хэзээ байгуулагдсан, хэний санаачлага байсан зэрэг бүхий л мэдээллийг хэлж өгөх юм.

Мөн танд ажлын дуудлага ирлээ гэж бодоход тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд нэвтэрч танд мэдээллийг хүргэнэ. Андроид хөгжүүлэгч багийн ахлагч Пичай "Бид танд тухайн үед хэрэгтэй байгаа мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорьсон юм. Хүмүүсийн хамгийн их хэрэг болдог “Google”  хайлтын систем таны утсанд сууж, өөрөө бүхнийг хэлж өгнө гэсэн үг." гэжээ. Google компани LG компанитай сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс “Моторола” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Харин Андроид үйлдлийн системтэй гар утас үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Самсунг” үргэлж “Google” компаний өмнө байхыг хүсдэг. Хэрвээ “Самсунг” энэ чигээрээ “Google”-ийг байнга ялна гэж бодож байгаа бол тэдний ноёрхол тун удахгүй дуусна. Одоогийн байдлаар дэлхийн бараг ихэнх програм хангамж, техник хангамжийн бүтээгдэхүүнүүдийг “Google”, “Apple”, “Microsoft” компаниуд бүтээж байна. Харин “Самсун”г бол ердөө л тэднийг араас явж байгаа хүүхэд гэсэн үг гэж шинжээчид үзэж байгаа юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.