Агаар бохирдуулагч аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

-СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ-

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах талаар нэлээд ажлыг хийж буй. Тус хороо нь өдгөө “Агаарын тухай хууль”-ийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвлөмж, мэдээлэл, анхааруулга хүргүүлээд байгаа аж.

Учир нь Улаанбаатар хотын агаарын чанарыг агаар дахь хүхэрлэг хий, том ширхэгт тоосонцор зэрэг 5 төрлийн үндсэн бохирдуулагч бодисын төлөв байдлыг хянаж буй цэгүүдэд хийсэн 2013 оны хяналт шинжилгээний жилийн дундаж агууламжийг Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 22 мкг/м3-д хүрч 2.2 дахин, том ширхэглэгт тоосонцорын агууламж 195 мкг/м3-д хүрч 3.9 дахин, азотын давхар ислийн агууламж 59 мкг/м3-д хүрч 2,0 дахин тус тус их байна. Энэ нь агаар  бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвхитэй оролцох, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлага тулгарч байгааг илтгэж байгаа юм.

Иймд Агаарын тухай хуулийн 9.1.1, 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 10.9.8-д заасны дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бүрт тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах, Агаарын тухай хууль тогтоомж зөрчигдөх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, мэдээллүүдийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа аж.

Мөн агаарт бохирдол гаргах эх үүсвэр ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа зуух, нам даралтын зуухнууд утааны буюу агаарын чанарын стандартын шаардлага хангаагүй бол төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлхээр болжээ. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж, үе шаттай олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгааг тус хорооноос мэдэгдлээ.

Хэрэв стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад Агаарын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зөрчлийг арилтал үйл ажиллагааг зогсоох хүртэл хариуцлага хүлээлгэх юм байна.

Монгол Улсын иргэн бүр өөрийн болон бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, улмаар утаагүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд идвэхитэй оролцон иргэний журамт үүргээ биелүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос уриалж байна. 

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.