
Гурван хүүтэй нэгэн хаан байжээ. Хаан хөгширч хоёр нүд нь юм харахаа болив. Нэгэнт нүд нь харахаа больсон хаан гурван хүүгийн маань хэн нь хаан ширээнд сууж хамаг улсаа залан захирч чадах бол тэднийг шалган туршиж үзье гэж шийдэж гэнэ. Тэгээд хаан том хүүгээ дуудан,
- Энэ дэлхий дээр хамгийн агуу, хамгийн хурдан, хамгийн сайхан юм юу вэ? Энэ гурвыг зөв хариулж чадвал эцгийн ширээг залгамжилж эзэн хаан болно шүү гэжээ.
Хаан эцэг нь гайхамшигт сайхан морьтой юмсанж. Тэгээд том хүү нь,
- Таны морь хамгийн агуу, таны хань (ээжийгээ хэлжээ) хамгийн сайхан, таны тайган ноход хамгийн хурдан гэж хариулав.
- Ээ хүү минь, чи хаан ширээнд сууж хамаг ардаа захирч чадахгүй юм байна гээд дунд хүүгээ дууджээ.
- Миний эхнэр хамгийн сайхан, миний морь хамгийн агуу том, миний тайган нохой хамгийн хурдан гэж дунд хүү нь хариулжээ.
- Ээ хүү минь, чи хаан ширээнд сууж хамаг ардаа захирч чадахгүй юм байна гээд бага хүүгээ дууджээ. Тэгээд,
- Нүдэнд минь хараа оруулж, үгэнд минь үнэн хариулж чадах ганц хүү минь чи билээ. Энэ дэлхий дээр хамгийн агуу, хамгийн сайхан, хамгийн хурдан юу вэ? гэж асуув.
- Хавар цаг хамгийн сайхан, намар цаг хамгийн баялаг агуу, хормын дотор хорвоог халиан харж чадах таны харц мгийн хурдан гэж бага хүү нь өчиж гэнэ.
- Хаан ширээнд сууж хамаг ардаа залан захирах хүү нь чи юмаа. Харах нүдэнд минь хараа гэгээ оруулж чадах хүү минь ч чи мөн! гэж хаан эцгээ хэлэхэд бага хүү нь,
- Эрхэм аавын хүслийг биелүүлье, эргэцүүлэн бодох хэсэгхэн хугацаа өгнө үү? гэв.
Тэр хаан хүүд нэгэн гайхамшигтай сайхан морь байдаг ажээ. Бага хүү нь тэр мориндоо очиход,
- Толгой гудайн юундаа гуних вэ! Есөн оломтой сайхан эмээл захиалан хийлгэж хурц илд, хулсан ташуур өгөөч гэж эцэгтээ хэл. Тэгээд над дээр мордонгуутаа үс арьсыг минь үрчийж унатал ташуурд, би тэгэхэд харавсан сум шиг нисэн алга болно. Тэгээд би давхиж давхиж нэг газар зогсоно. Тэнд чи бууж газар ух. Ухсан газраас чинь эцгийн чинь харааг сайжруулах эм гарч ирнэ. Харин чи тэр эмийг бушуухан шүүрч аваарай, тэгэхгүй бол тэнгэрт нисээд алга болчихно гэж гэнэ.
Залуу эр бүх юмыг жин тан болгожээ. Товлосон газраа давхин ирээд залуу эр яаран газар ухав. Гэнэт нэг цасан ширхэг шиг юм газраас гаран гараар барих нь битгий хэл, харж амжаагүй байхад тэнгэрт нисэн алга болжээ. Тэгтэл морь нь,
- Энэ эм долоо хоногийн дараа эргэж унана. Одоо Дорнодын хаан Өрнөдийн хаан руу довтолж байна. Тэгэхээр эмээ хүлээх зуураа өштөн дайсанд өртөн цохигдож байгаа Өрнөдийн хаанд тусал гэв.
Залуу эр алсын барааг ширтвэл тэнгэр баганадсан их тоос харлан босно гэнэ. Энэ нь Дорнодын хааны их цэрэг хөдөлж байгаа нь тэр аж. Залуу эр мориндоо мордон их тоосны зүг давхин хүрэв. Морь нь хурц туурайгаараа хуйларсан олныг гишгэлэн, залуу эр ч эргэсэн газраа эрэг гарган далайсан газраа далан гарган цавчсаар цөмийг унагатал Дорнодын хаан зөвлөгчтэйгээ зугтан оджээ.
Өрнөдийн хаан холын харааны дурангаараа хоногийн газрыг халиан харж байтал дайсан этгээд нь дарагдан цохигдон, унах нь унаж ухрах нь ухарч байхад ихэд гайхан,
- Хамаг дайсныг хядан устгаж хэн гэгч надад тус болов гэжээ.
Энэ тулаанд залуу эр чигчий хуруугаа эсгэжээ. Тэгээд Өрнөдийн хаанаас хуруу боох юм өгөөч гэж гуйв.
Гэтэл Өрнөдийн хааны өнөр олон цэрэг гүйлдэн ирж тойрон хүрээлж тод хүндэтгэлийг үзүүлж хааныхаа ордонд урин залж, алжаал юугаа тайлан амарч тухлахыг гуйжээ. Үнэнч итгэлт морийг нь өвстэй дулаан хашаанд оруулж хөлстэй тохмыг нь аван бүйлстэй үзэм өгч гэнэ. Ингэхэд Өрнөдийн хааны ордны шадар түшмэд хардан атаархаж хар хор нь буцлан эзэн хаан энэ муу залууг ивээлдээ авч элгэмсэх вий гэж болгоомжлон,
- Энэ залуу эр ордон өргөө барьж хүрэлцэх олон зааны яс авчирч чадна гэж байна, залуу эрийг зааны яс авчрах албанд явуулаач гэж гуйцгаажээ.
Залуу эрийг ирэхэд хаан
- Зааны ясан өргөө барьж өг гэж зарлиг буулгав.
Залуу эр үнэнч мориндоо очиж хэлжээ.
- Өө, энэ чинь хөнгөн алба байна. Чи Хаанаас гуч гучин хувингийн багтаамжтай зуун хөхүүр дарс, ихээхэн үс ноос өг гэж гуй. Тэгвэл зааны ясан өргөө барьж өгнө гэж хэл гэжээ. Энэ үгийг нь залуу эр хаанд дамжуулжээ. Түүний хүссэнээр зуун хөхүүр дарс, үс ноос өгөв гэнэ. Тэгээд залуу эр зааны нутаг руу явав.
Зааны нутагт ирвэл хүглэгэр өндөр уулын дунд хүйтэн уст есөн булаг оргилон байна гэнэ. Оргилох энэ булаг нэгэн газар нэгдэн нийлж урсана. Энэ уулзвар дээр заанууд ус уудаг юм байж. Залуу эр булгийн усыг үс ноосоороо хааж боон усыг нөгөө тийш урсгаж гэнэ. Үлдсэн үс ноосоор далан хашилт хийн гүн хонхорхой тогтоогоод тэндээ дарсаа хийжээ.
Заанууд хэвтэж байна уу, ирж явна уу, хараач гэж морь нь хэлж гэнэ.
- Нэг хэсэг нь ирж явна гэхэд морь нь одоохон гүйцэх нь нуугдая гээд нуугджээ. Заанууд ус уухаар ирээд ус байхгүйд хажууханд нь байгаа дарснаас амсаж үзээд санаанд нь таарсангүй бололтой холдоцгоов. Гэсэн ч халуунд ангаж цангаад аргаа барсан байдалтай зогсож зогсож тэссэнгүй дарснаас ууж эхэлжээ. Заанууд ууж ууж согтоод өнхрөөд өнхрөөд унаад өгчээ.
- За одоо хурц илдээрээ соёонуудыг нь тас тас цавч гэж морь нь зааж өгөв гэнэ.
Залуу эр даахынхаа хирээр соёонуудыг аваад үлдсэнийг нь дараа авахад бэлэн болгон овоолоод орхижээ. Тэгээд хаанд зааны соёонуудаа авчирчээ. Алс холын зааны нутагт амь насаа алдсангүй амьд мэнд эргэж ирсэнд ордныхон гайхацгаав. Залуу эр зааны соёонуудаа босгон холбож алтан хадаасаар хадан бэхлэв. Хаан баярлан хөөрч байхад ордны шадар түшмэд ирж,
- Та ямар сайн эрийг олоо вэ! Энэ алба түүнд юу ч биш! Энэ эр хаан шувууг алтан торонд хийгээд ордны хананаас өлгөж чадна! Тэр үед дэвэн дэлхийн бүх хүн хаан шувууны дуунд уяран хайлах болно гэжээ.
Хаан залуу эрийг дахин дуудаж,
- Надад хаан шувууг авчир! гэв.
- Маргааш болтол бодох чөлөө өгнө үү? гэж залуу гуйжээ. Тэгээд мориндоо очиж хааны зарлигийг хэлэв гэнэ. Морь нь,
- Энэ ч бас гайгүй алба байна. Хаан бидэнд гуч гучин хувингийн багтаамжтай есөн тулам амуу тариа өгөг, тэгвэл хаан шувууг авчирна гэв.
Хаан амуу тариа өгчээ. Тэгээд залуу эр мориндоо мордон хүний нутгийг зорин одов. Явсаар нэг ууланд ирж гэнэ. Тэнд тоо тоймшгүй олон шувуу жиргэн дуулж байлаа.
- За чи хэвтээд дээрээсээ амуу будаагаа асга. Шувууд нисэн ирж чам дээр сууна. Хаан шувуу чиний зүрхэн хавьцаа суугаад амуу тоншино. Хаан шувууг нэг, хоёр, гурав тоншингуут шууд барьж ав, дараа нь баригдахгүй шүү гэж морь нь зааж өгч гэнэ. Залуу эр хэвтээд дээрээсээ амуу будаа асгажээ. Хаан шувуу нисэн, хамаг олон шувуу ч дагалдан өнгө өнгийн хоолойгоор жиргэн дуулсаар түүний дээр буун амуу будааг тоншиж эхэллээ. Хаан шувуу нэг, хоёр, гурав дахиа тоншингуут нь залуу эр шүүрэн авч ухасхийн босчээ. Бусад олон шувууд нь залуу эр лүү дайран тоншин, урж самардан, далавчаараа нүдэн алахын даваан дээр морь нь давхин ирж шувуудыг хөөн үргээж, хаан шувуу тэвэрсэн залуу эрийг шүүрэн авч нисэн оджээ.
Тэгээд ниссээр Өрнөдийн хаанд хаан шувуугаа авчирч өгөв. Хааны ордныхон энэ эр эсэн мэнд эргэж ирлээ гээд гайхан хорсон атаархана. Тэгээд хаандаа очин,
- Энэ залуу тийм л эрэлхэг эр юм бол алс холын Нигозети улсын үзэсгэлэнт бүсгүйг авчираг! гэцгээжээ.
Хаан ч залуу эрийг дахин дуудаж,
- Алс холын Нигозети улсаас надад үзэсгэлэнт эхнэр авчирч өг! гэв.
Залуу эр мориндоо очин бүгдийг хэлжээ. Морь нь бодлогоширон байснаа,
- Энэ ч амаргүй алба байна! Тэр алс холын Нигозети улсын үзэсгэлэнт бүсгүйн унадаг морь нь миний эгч байгаа юм. Энэ л давахад хэцүү, дайрахад хүнд даваа байна. Түүнтэй тэмцэлдээд дийлэхгүй болов уу гэж айж байна. Гэхдээ л үгтээж сууснаас үзээд алдъя. Харин одоо тогтоож ав. Тэр үзэсгэлэнт бүсгүйн суудаг цамхагийн зүүн тийш харсан хаалга онгорхой, баруун хаалга нь хаалттай байдаг юм. Хаалганых нь хажууд нэг ямаа, нэг чоно уяатай байгаа. Ямааны өмнө яс, чонын өмнө өвс хаяастай байгаа. Миний эгч гүү ч тэнд харуулд зогсож байгаа.
Чи зүүн зүгийн хаалгыг нь хаачихаад, баруун зүгийн хаалгыг нь онгойлго. Ямаанд өвс, чонод яс хаяж өг, би эгч гүүтэйгээ үзэлцье. Үзэсгэлэнт бүсгүй цамхагтаа урт үсээ унжуулан намируулан сууж байгаа. Чи дөнгөж оронгуутаа л урт үсийг нь гартаа ороогоод ав, тэгж чадвал тэр чинийх болно, эс тэгвэл тэр бүсгүй чи бид хоёрыг дийлж эрлэг там руу тонилгоно гэв. За тэгээд залуу эр морьтойгоо цамхагийн үүдэнд ирмэгцээ л ясыг шүүрч аван чононд шидээд, өвсийг ямаанд өгөөд баруун хаалгыг онгойлгон зүүн хаалгыг хаачихаад үзэсгэлэнт бүсгүй рүү гүйн очиж урт сайхан үсийг нь гартаа хэд хэд ороогоод авчээ.
- Зүүн хаалга минь авраарай гэж үзэсгэлэнт бүсгүй хашгирав. Олон жил онгорхой байсан би одоо дөнгөж нэг юм онгойгоод нугас дэгээ маань нугаран эвхэгдээд амарч байхад ахиад онгойх гэж үү! гээд онгойсонгүй.
- Баруун хаалга минь авраарай! гэж үзэсгэлэнт бүсгүй хашгирав.
- Олон жил хаалттай байсан би одоо дөнгөж нэг юм онгойгоод нугас дэгээ маань нар салхины бараа харангуут ахиад хаагдах гэж үү! гээд халгаасангүй гэнэ.
- Ямаа минь, авраарай! гэж үзэсгэлэнт бүсгүй хашгирчээ.
- Амтат өвс амандаа дөнгөж аваад байна! Алхам ч холдож чадахгүй! гэв.
- Чоно минь, авраач! гэж үзэсгэлэнт бүсгүй дахиад л хашгирч тэгтэл
- Анх удаагаа надад яс хаяж өглөө. Үүнийгээ би хаях гэж үү.
- Үнэнч итгэлт гүү минь, намайгаа авраач! гэж үзэсгэлэнт бүсгүй гүүгээ дуудаж гэнэ.
- Юун таныг аврах мантай, энд би өөрийнхөө дүүг дийлэхгүй байхад! гээд гүү нь аварсангүй.
Ингээд залуу эр алс холын Нигозети улсаас үзэсгэлэнт бүсгүйг аваад Өрнөдийн хаанд аваачиж өгөхөөр буцах замдаа оржээ. Ордны гадаа ирсэн хойноо үзэсгэлэнт бүсгүй,
- Гантиг чулуугаар том тэвш хийгээд буцалсан халуун сүүгээр дүүргэхээс нааш би хаанд үзэгдэхгүй! Би сүүнд орно гэж гэнэ.
Гантиг тэвш тавиад халуун сүүгээр дүүргэжээ.
- Хаан өөрөө гарч ир! гэж үзэсгэлэнт бүсгүй хэлэхэд, Хаан гараад ирж гэнэ.
- За та эхлээд орохгүй юу? гэв. Хаан тэвш рүү очин тонгойн харах хоромд үзэсгэлэнт бүсгүй түүнийг түлхэн унагаажээ. Хаан халуун сүүнд унан түлэгдэж үхэв. Тэгээд Өрнөдийн хааны ордны шадар түшмэдийг халуун сүү рүү түлхэн унагааж шалзалж хороов. Ингээд залуу эр Дорнод, Өрнөдийн хаант улс, үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгож чаджээ. Тэгтэл ч нөгөө хараа оруулдаг эм тэнгэрээс унах цаг болсон байлаа. Тиймээс залуу эр мориндоо мордон давхисаар эмийг газар унахаас өмнө барьж аваад үзэсгэлэнт бүсгүйгээ дагуулан гэртээ иржээ. Тэгээд,
- За эцэг минь май, хараа оруулдаг эм авчирлаа. Алс холын Нигозети улсаас энэ үзэсгэлэнт бүсгүйг өөртөө эхнэр болгон авлаа. Бас хоёр хаант улсыг эзлэн эзэмшиж авлаа гэж хүү нь хэлжээ.
Эцэг нь эмийг уунгуутаа хараа орж хамаг арлаа цуглуулан хүүгийнхээ өргөн их гавъяаг магтан сайшааж, хурим найрыг нь хийн өнөр олонтойгоо өнө удаан жаргасан юм гэнэ лээ.
Орчуулсан: Ж.Оюунцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.