ҮХААЯамны өвлийн хүлэмжийн аж ахуйн төслийн нэгжийн захирал А.Чойжамц: 88 төслөөс 15 төсөл хэрэгжиж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-г санаачлан эхлүүлсэн. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд орсон өнөө үед эх орондоо баялаг бүтээж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна цаашлаад экспортонд нийлүүлэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой энэ ажил долоо хоног бүр хийж буй ажлаа олон нийтэд танилцуулдаг. Өнөөдөр “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” төслийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан, ҮХААЯ-ны өвлийн хүлэмжийн аж ахуйн төслийн нэгжийн захирал А.Чойжамц нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэлээ. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж хэлсэн юм. Энэ үер ҮХААЯ-ны өвлийн хүлэмжийн аж ахуйн төслийн нэгжийн захирал А.Чойжамцтай товч ярилцлаа.

-Танай яам дээр хэдэн төслийн нэгж байгуулагдсан бэ?

-ҮХААЯам дээр таван төслийн нэгж байгуулагдсан. Үүний нэг нь өвлийн хүлэмжийн төсөл. Энэ төсөл дээр “Чингис бонд”-ын хөрөнгөнөөс 17.4 сая ам.доллар буюу 23.3 төгрөг байршсан байгаа. Импортыг орлох хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэх зорилготой. Одоогийн байдлаар 69 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 18.7 тэрбум төгрөгийг хүлэмжинд зарцууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт 0.5 га газар өвлийн хүлэмжийн нээлт болсон гэдгийг та бүгд мэдэж байгаа.

-Нийт хэдэн төсөл ирсэн бэ?

-15 төсөл 18.8 тэрбум төгрөгийг банкнаас авсан. Нийт судлагдаж байгаа 70 гаруй төсөл байна. Улсын хэмжээнд 60 хүлэмж барих шаардлагатай. Эхний ээлжинд 20-ыг барихаар төлөвлөлөө. Харин энэ жил 32 хүлэмж баригдана гэж тооцоолж байна.

-Эдгээр хүлэмжүүд хаана, хаана баригдах вэ, иргэдийн хэрэгцээг судалж үзсэн үү?

-Улаабаатар хотод 20, хөдөө орон нутагт 12 хүлэмж барина. Ер нь бүтэн жилийн хэрэгцээг хангахад ямар хэмжээний хүнсний ногоо, хэдэн хүлэмж шаардлагатай вэ гэдгийг судалж энэ тоог гаргасан.

-Хэдэн төрлийн хүнсний ногоо тарих вэ?

-Салатны байцаа, чинжүү, улаан лооль, өргөст хэмх гэсэн ногоонууд байгаа. Улсын хэмжээнд нийт хэрэгцээний 19 хувь нь хангагдана. Импортыг шууд орлоно гэсэн үг.

-Өвлийн хүлэмж барьснаар эдийн засаг эрчимжинэ гэж ойлгож болох уу?

-Энэ бол харьцангуй ойлголт. Монголд бизнес эрхлэх орчинг сайжруулах, хөрөнгө мөнгөний урсгалыг нааш татах тухай л ярьж байна.

-Өвлийн хүлэмжний гол ач холбогдол юу вэ?

-Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 50 хувиар буурна гэсэн тооцоо байна. Ажлын байрны хувьд нэг га-д 20 хүн ажиллана. Үүнээс харахад эхний ээлжинд найман га-д 160 хүн шинээр ажлын байртай боллоо.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.