“Баян” бас “Ядуу” сэтгэл

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Бид "баян", "ядуу" гэдэг ойлголтыг материаллаг зүйлтэй холбон ойлгож, тэр ойлголтоороо тайлбарласаар уджээ.

Их мөнгөтэй, тансаг хаустай, үнэтэй машинтай хүмүүсийг "баян" хэмээн атаархаж, бас ад үзэж, тэднийг "жаргалдаа умбаж" байгаа мэтээр төсөөлөн, тэдний зиндаанд хүрэх гэж мөрөөдөн өөрсдийгөө тарчилгаж байгаа хүмүүс олон бий. Мэдээж ийм хэрэгцээтэй амьдралд хүрэх гэж олон хүмүүс маш их хөдөлмөрлөн зовж шаналдаг, дээр нь хувь заяа нь ч "хөтөлдөг" байж магад.

Харин бид өөрсдийн хичээл зүтгэлээрээ боломжийн амьдралд хүрээд "хоёр идэхгүй, хоосон хонохгүй" байгаа мөртлөө, сэтгэлийн шуналаа давж дийлэхгүй "хусмаа чамалсан хүүхэд шиг" баяжих мөрөөдөлдөө автан "жаргалаа зовлон" болгон хувиргах нь олонтаа. Уг нь байна шүү дээ, нэгэнт авсандаа аваад орохгүйгээс хойш зуун жил эдлээд барахгүй их хөрөнгийг цуглуулж, тэр их хөрөнгийг цуглуулах гэж мянган жил үүрээд ч даахгүй зовлон хурааж, энэ өдөр уулзаад маргааш уулзахгүй ч байж болох олон хүмүүст атаархан хорсож, өс санаж сэтгэлээ тарчлаан зовоож яана. Анзаараад ажих юм бол бидний дотоод сэтгэл л "баян", "ядуу" гаараа ялгардаг юм шүү дээ.

Би нэг их аз жаргалтай хүнийг мэднэ. Тэр дандаа инээмсэглэж, дутуу гуцуу байсан ч "Өө яахав дээ, болно шүү дээ" хэмээн өөрийгөө тайтгаруулж, зовж зүдэрч яваа хэнд ч болов туслан тэдний талархсан төрхийн өөдөөс баяртай харцаараа "зүгээр ээ" гэж хэлдэг. Инээмсэглэсэн түүний төрх дотроосоо гэрэлтэн, түүнийг харсан хэн ч болов атаархаж бас хайрламаар. Заримдаа гуниглаж суугаа түүнийг хэн нэгэн аргадахад өөдөөс нь нулимстай нүдээрээ хүчлэн инээмсэглэж "Би зүгээрээ" гэж хэлдэг. Тэр хэнд ч өөрийн сэтгэл дэх зовлон гунигаа "наах"ыг хүсдэггүй ч, бусдын зовлон гунигийг хуваалцахдаа чин сэтгэлээсээ уяран хайлж, бас шаналж зовдог.

Заримдаа хүмүүс түүнийг "гэнэн, тэнэг" гэж тохуурхахад, тэрээр зүгээр л өөдөөс нь гунигтай ч гэмээр "тэнэг" төрхөөр инээмсэглэдэг ч хэзээ ч түүнтэй хэрэлдэж маргалддаггүй юм. Өөртөө байгаа сүүлчийн мөнгөө хэн нэгэнд сарвайхдаа огтхон ч эргэлздэггүй, харин ч өлссөн сэтгэлийнхээ тэртээд уянгалаг дуу аялж, түүндээ уяран баясдаг гээч. Түүний сэтгэлд дандаа сонгодог аялгуу эгшиглэн, зүрх сэтгэл нь бусдын баяр жаргалаар "цэнэглэгдэж", бусдыг хайрлах дотоод сэтгэлийн илч гэрлээрээ гаднаа гэрэлтэж явдаг. Түүний халаас нь хоосон хэдий ч сэтгэл нь дандаа дүүрэн цалгиж явдаг. Тэр "баян" хүн.
Би нэг их зовж шаналсан хүнийг мэднэ.

Тэрээр дандаа хөмсгөө зангидан, хичнээн их мөнгө олж байвч сэтгэл нь ханана гэж үгүй, их мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй "дээдэст зусар, доодост дээрэлхүү" араншинтай. Түүний яравгар хэрнээ ихэмсэгхэн төрх түүнийг наснаас нь дэндүү хөгшин харагдуулдаг. Магадгүй бага насандаа "ядуу" өссөн нь бусдыг үзэн ядах, бусдаас өшөө хорслоо авах шалтгаан нь ямар ч аргаар хамаагүй их мөнгөтэй байх хүслийг нь өгдөөдөг байх. Заримдаа тэр над руу согтуугаар утасдан "Новш минь ээ, би чамайг бодвол саятан шүү дээ" гэж баярхах авч түүний дууны өнгөнд баяр баясал үгүй, арчаагүй төрх нь нүдэнд харагддаг юм.

Тэрээр бүх зүйлийг, тэр тусмаа аз жаргалыг, гэгээн сайхан хайрыг, бас "хиртэй" хүсэл мөрөөдлөө хичээл зүтгэл сайхан сэтгэлээр бус зөвхөн мөнгөөр л худалдаж авч болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн. Түүний сэтгэлд ямагт атаархал хорсол буцалж, өс хонзон "цэнэглэгдэж", өөрийгөө дөвийлгэх ядмагхан хүслээ гашуун дарстай хамтад залгилж, өрөөл бусдын өөдөөс тачаадан харж байдаг юм. Түүний хиртэй халаас нь дүүрэн мөнгөтэй хэдий ч сэтгэл нь дандаа хоосон явдаг. Тэр "ядуу" хүн.

"Баян" ба "ядуу" хичнээн олон хүмүүс бидний амьдрал дунд эргэлдэж байдаг. Бид тэднийг анзаардаг эсэхийг би мэдэхгүй. "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдэгчлэн адил төстэй хүсэл мөрөөдлөөрөө бид бусдыг сонгодог юм. Тэгээд л амьдрал нь ядуу мөртлөө сэтгэл нь баян, амьдрал нь баян мөртлөө сэтгэл нь ядуу хүмүүс хамтдаа уулзан сэтгэлээ хуваалцдаг. Сэтгэл нь ч баян, амьдрал нь баян хүмүүс зөндөө бий. Амьдрал нь ч сэтгэл нь ч ядуу зөндөө хүмүүс бий. Зүгээр л эргэн тойрноо сатаараад аж даа. Эргэн тойронд чинь холхих зөндөө олон "баян", "ядуу" хүмүүс байгаа.

Аль хэмжээнд нь алхаа нийлүүлэх нь таны л сонголт. Гэхдээ байна шүү дээ, сэтгэлээрээ баян байх гэдэг чинь аз жаргалын тань түлхүүр юм шиг билээ шүү, нууцгүй хэлэхэд. Нэг л зүйлийг бид мартаж боломгүй. Бид энэ ертөнцөд "ирээд л буцдаг нүүдлийн шувууд" юм шүү дээ. "Нуур амгалан бол нугас амгалан" гэдэг дээ. Зүгээр л өөрийнхөө дотоод сэтгэлийг чагна даа. Чи "баян" ч байж магадгүй дээ.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.