Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

Twitter Print
2022 оны 02-р сар 23-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дарах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болголоо.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат /1722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ.

Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.

“Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно

Товч мэдээ

·      “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.

·      Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.