
Хонгконгийн тусгай захиргааны бүсийн нарийн бичгийн дарга Жон Ли ирэх 5-р сард болох Хонгконгийн захирагчийн сонгуульд оролцох зорилгоор албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж буй талаар ТиВиБи суваг мэдээлжээ.
64 настай Жон Ли 2019 онд Хонгконгт иргэний ардчилсан хөдөлгөөний олон тооны жагсаал цуглаан болох үед Хонгконгийн аюулгүй байдлын албыг удирдаж байсан ба 2021 онд түүнийг албан тушаал дэвшүүлсэн явдлыг ажиглагчид БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн аюулгүй байдалд анхаарч байгааг харуулсан явдал хэмээн онцолж байсан билээ.
Хонгконгийн одоогийн захирагч Кэрри Лам ирэх 5-р сарын 27-нд болох сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна.
Хонгконгийн захирагчийн сонгууль 5-р сарын 8-нд болох байсан ч 7.4 сая хүн амтай тус хотод коронавирусын халдвар хурдацтай тархаж, 1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор сонгуулийн товыг 5-р сарын 27 болгож хойшлуулжээ.
Их Британийн Нэгдсэн Вант улс Хонгконгийг 1997 онд БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсөнөөс хойш Хонгконгийн тусгай захиргааны бүс 4 захирагчийн нүүрийг үзжээ.
Хонгконгийн үе үеийн захирагч нарын өмнө хонгконгчуудын ардчилсан үзэл бодол, Хятадын Коммунист намын удирдагчдын бодлого зэргийг тэнцвэртэй авч явах амаргүй даалгавар тулгарч ирсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.