Б.Хаш-Эрдэнэ: Хоёрхон сард 1000 цэцэрлэг, сургууль барих мөнгөөр популизм хийсэн

Twitter Print
2020 оны 01-р сар 19-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Сангийн яамны сайтаас харахад Монгол улсын төсөв жил бүр алдагдалтай гарч, манай улсын нийт өр 20 гаруй их наядаар хэмжигдэж байна. Дөнгөж төрж буй нялх хүүхэд бүр 7.4 сая төгрөгийн өртэй төрж байна гэсэн үг.

Нэг талд энгийн “иргэд”, нөгөө талд “элитүүд” гэсэн бүлэг бий. Энэ хоёр бүлгийн эрх ашиг, сонирхол өөр байдаг онцлог дээр дөрөөлж, хооронд нь сөргөлдүүлэхийг ПОПУЛИЗМ гэдэг. Өөрөөр хэлбэл, “ард түмний эрх ашгийн төлөө” гэж дуугарсан төлөөлөгчид хожиж үлддэг. Иргэний хөдөлгөөн гэж иргэдийг төлөөлөн дуугарч байсан хоёр, гуравхан этгээд эцэстээ бүгд эрх мэдэлд хүрснийг Монгол даяараа мэднэ.

Тэтгэврийн зээлийг тэглэх 8 тэрбумын шийдвэрээс хэн ашиг олох вэ? Зээлээсээ чөлөөлөгдөж буй ахмадууд биш, харин арилжааны банкууд, энэ асуудлыг дэвэргэж яваа улстөрчид. Зээл тэглэгдэх хууль батлагдах өдөр ахмадуудыг цуглуулж, асуудлыг дэвэргэн жагсаал хийсэн хүмүүс “рэйтингээ өсгөх” боломж болгон ашигласан. Мөнгө төгрөгнөөс илүү том асуудал нь иргэдийг талцуулсан явдал бөгөөд боломжтой бүх бүлэг өөр зуураа маргацгаасан. Товчхон дүгнэхэд, энэ удаагийн популист арга хэмжээний хохирогч нь иргэд болон Монгол улсын эдийн засаг бөгөөд 2019 оны 11 сараас хойш хоёрхон сард энэхүү популизмын нийт зардал 1.1 их наяд төгрөг буюу 410.5 сая ам.долларт хүрсэн байна.

Энэ зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө төлөх бөгөөд энэ 1.1 их наяд төгрөгөөр юу хийж болох вэ? Ойролцоогоор 1000 гаруй сургууль, цэцэрлэг шинээр барих боломжтой мөнгө. Үүнээс үзэхэд, популизм ард түмний өрийг өсгөж, иргэдээс авах татварын хэмжээг нэмэгдүүлж, ирээдүйд олдох байсан боломжуудыг хааж байна гэсэн үг. Ирэх жилүүдэд Монгол улс өрөө төлж эхэлнэ. Өрөө төлж чадахгүйд хүрвэл газар нутаг, орд газрын “тохироо” маягийн зүйлүүд нууцаар хийгдэнэ гэсэн үг. Авлагатай хүмүүс “тэр уурхайгаа өг, тэр газар нутгаа түрээслүүл” гэх мэтээр шаардах нөхцөл байдал бий болох эрсдэл өндөр болчихоод байна. Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын 90% нь зөвхөн нэг улс буюу урд хөршийнх. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдал аль хэдийнээ алдагдсан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадны хөрөнгө оруулалтыг тэдээс дээш хувийг нэг улсаас хамааралтай байлгаж болохгүй гэсэн заалт байгаа. Тэр хувь хэмжээнд анхаарал хандуулж өөр улс орнуудаас хөрөнгө оруулалтууд татаж, өөр бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж эрсдэлээ сарниулах хэрэгтэй. 

Халамж хэлбэрээр их хэмжээний мөнгө тараахаар тодорхой хугацааны дараа эдийн засгаа ДЭГЭЭДЭЖ УНАГАДАГ. Ард түмний ядуурал, ажилгүйдлийг түр аргалах, улстөрчдийн рейтинг өсгөх арга хэрэгсэл болсон “халамж” гэгч нь эдийн засгийн, цаашлаад Монгол улсын хөгжлийн хурдыг илт сааруулж өөрөө өөрсдийгөө хорлох, өвчлүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг бөгөөд асуудлыг шийдэх ГАРЦ огтхон ч биш юм. Үүнийг дэврээдэг улстөрч хэдхэн хүнийг эрх мэдэлд хүргэх, эсвэл эрх мэдлийн суудалд нь хадгалж үлдээх л “нүүдэл” юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.