Дэлхийн гадаргууны 71 хувийг ус эзэлдэг бол үлдсэн хувийг Канте эзэлнэ ээ

Twitter Print
2021 оны 05-р сар 31-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

ДЭЛХИЙН ГАДАРГУУНЫ 29%-ИЙГ ЭНЭ ЗАЛУУ ЭЗЭЛДЭГ: ДАРУУХАН ГЕНИИ

Н'Голо Канте. Английн "Челси" багийг дэлхийн клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигт аваргалуулсан энэ залуугийн замнал бол Ядуугаас баян болсон гайхалтай жишээ. Уйгагүй хөдөлмөр алдар нэрийг аваад ирдгийн тод түүх. Намхан нуруу амжилтад хүргэж болдгийн бодит үлгэрлэл. Даруухан зан маргааш биш ч нөгөөдөр заавал үнэд хүрдэгийн үнэн баримт юм.

Канте 30 настай, 168 см өндөртэй, Мали улсын уугуул. Гэхдээ Францын иргэн. Эцэг, эх нь амьдралын сайхныг хайн 1980 онд Францад дүрвэж Парис хотын ядуусын хороололд суурьшсан. Гэвч гэр бүлээ тэтгэгч аав нь түүнийг балчир ахуйд нас барсан тул дунд сургуулийн сурагч Кантегийн нуруун дээр асар том ачаа буусан. Тэрбээр дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй айлын том учир ээжийнхээ хамтаар гэр бүлийнхээ төлөө үүрийн нарнаас үдшийн бүрий болтол зүтгэж байлаа.

Ээж нь нэг байгууллагад цэвэрлэгч, Канте гудамжны хог цэвэрлэгч. Гудамжийг зүгээр ч нэг цэвэрлэхгүй, дахин ашиглаж болохыг нь ялгаж салган тусгай цэгт аваачна. Яг тэр жил Франц улсын хөлбөмбөгийн шигшээ өөрийн оронд зохион байгуулсан ДАШТ-д түрүүлсэн юм. Тэгэхэд Канте нэгэн найздаа "Би энэ цомыг заавал хүртэнэ" хэмээн амлажээ. Ам гарсан хүү 8 настай байв. Амласандаа ч хүрсэн, 2018 онд 27 настайдаа.

1998 оны тэр жилээс Канте хөлбөмбөгчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Хогийг нь цэвэрлэх үүрэгтэй өөрийнх нь хариуцсан бүст ДАШТ-ий дараагаар олон тооны хөлбөмбөгийн талбай байгуулагдсан нь түүний хөгжил дэвшилд маш том түлхэц болжээ. Тэрбээр хаана ч очсон, хэний ч эсрэг тоглосон хамгийн жижиг нь байлаа, яг Месси шиг. Гэхдээ эцэж цуцашгүй эрч хүч, айж мэдээхгүй зан чанар, үр дүнг гаргах зүтгэл сэтгэлээрээ тэрбээр намхан нурууныхаа дутууг нөхөж, бүр давуулж хөгжүүлсэн юм.

Бяцхан биетэй жаалын хажуугаар хүүхэд гүйгээд гарнаа гэж гонж. Сод авьяастнууд нь ч чадахгүй. Чаддаг юмаа гэхэд бөмбөггүй л гарна. Бөмбөг таслах ур, тоглолт унших ухаан, тоглолт хөгжүүлэх чадвар нь тэр үед ийм өндөр хөгжсөн байж. Үүнд удам судар, суурь хүмүүжил мэдээж чухал. Гэхдээ удам, хүмүүжлийг хөдөлмөрлөж байж л төгсрүүлдэг шүү дээ. Тэгвэл тэрбээр үүнийг 10 наснаасаа төгсрүүлж эхэлжээ. Тиймээс ч өөрөөсөө гурван насаар ах насынхантай өрсөлдөж, гурван насаар дутуу гэлтгүй тэнцүү, ихэнхдээ илүүрхэж тоглож байв. Өнгөц харагдах ганц дутагдал нь намхан л байлаа.

Канте балчир байхын л даруухан зантай. -Бусдын өмнө далдганаад байдаггүй.

-Бусдад өөрийгөө батлах гэж зүтгээд байдаггүй.

-Би гээд цээжээ дэлсээд ч байхгүй. Тэрбээр зөвхөн өөрийнхөө ертөнцөд л оршсоор ирсэн эгэл бөгөөд аугаа хөлбөмбөгчин юм. 2018 онд Дэлхийн аварга болчихоод Канте аваргын цомыг барих гэж зүтгээгүй, шунаа ч үгүй. Бусад нь цом булаалдан давхилдаж байхад тэрбээр хөндлөнгөөс хараад л зогсч байсан. Цом өргөж байгаа багийн нөхдийнхөө ард нэг жаахаан хүү зогсч буй хуучны зураг байгаа, энд. Тэр жаал бол Канте. Ийм л хүү байсан, иймээрээ л байсаар байна.

Н'Голо өдгөө " Челси" клубээсээ долоо хоногт 325,000 фунт стерлингийн цалин авдаг. Монгол төгрөгөөр бол 1,307,475,000 (1,3 тэрбум). Мульти саятан байгаа биз. Гэтэл тэрбээр Mini Cooper загварын машин л унадаг. "Лестер"-т байхдаа ийм байсан "Челси"-д ч энэ хэвээрээ. Канте өөрийнхөө туулж ирсэн замнал, хийж бүтээсэн үйлээрээ "Даруу зан амжилтад хүргэдэг" гэдгийг ийнхүү дэлхий дахинд харуулж явна.

Түүний гаргасан амжилтын товчоог он цагийн амжилтыг нь харуулсан дээрх зурагнаас үзээрэй, жил бүр шинэ оргилд гарсан байгаа. Гарахдаа дандаа багаараа гарсан. Энэ бол түүний бас нэг үлгэр жишээ онцлог юм. Нэг ёсондоо хувийн тоглолтыг хойш тавьж багийн тоглолтыг 1, 2, 3-рт үздэг хосгүй ухаалаг хөлбөмбөгчин юм. Нэг ёсондоо багийнхаа гол хөдөлгүүр, гол нуруу, гол тулгуур нь байгаан. Систем гэж байдаг даа. Тэгвэл тэр системийг бүрдүүлэгч, нэгтгэгч, удирдагч нь юм.

Өнөө цагийн хөлбөмбөгт нэгэн үүрэг роль хамгийн чухал байр суурийг эзэлдэг болсон. Тэр бол box-to-box. Ийм тоглогчийн төгс рүү дөхсөн анхны том хувилбар нь Клод Макелеле байлаа. Тэгвэл Макелелегийн төгс хувилбар нь Канте юм. Дэлхийн газрын зураг дээрх Кантенуудын зураг байна аа даа. Тэр зураг юуг өгүүлж байна гээч?

"Дэлхийн гадаргууны 71%-ийг ус эзэлдэг бол үлдсэн хувийг Канте эзэлнэ ээ" гэж байгаа юм. Түүнийг танилцуулах төгс тодорхойлолт гэвэл үүнийг л хэлнэ. Гүйцээ.

Жалсрайн БАЯРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.