Ерөнхийлөгч Путин наймдугаар сард Монгол Улсад айлчилна

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй албаны төлөөлөл Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 18 дахь удаагийн форумд оролцож, ОХУ-д албан томилолтоор ажилласан. Украйны асуудалтай холбоотойгоор жил жилийн форумын томоохон оролцогч болох АНУ болон зарим орны төр, хувийн хэвшлийн оролцоо эрс буурсан энэ үед Монгол Улс урилгыг нь хүлээн авч, хөрш орны хувиар ач холбогдол өгөн оролцохоор ирсэнд ОХУ-ын төрийн тэргүүнээс эхлээд талархалтай хандаж байсан билээ.

Форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуяг тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Хойд хөршийн Төрийн тэргүүний форумын үеэр тоотой хэдэн улсын бодлого тодорхойлогчдыг цаг гарган хүлээн авч уулзсаны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөл байсан. Ёс төдий, хэлбэр голчилсон бус ажил хэрэгч, зорилтот хэд хэдэн асуудалд хариулт өгсөн маш чухал уулзалт боллоо гэж ажиглагчид дүгнэж байгаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн форумын ач холбогдлын талаар онцлоод хоёр улсын хөгжлийн асуудлыг тодорхойлсон Стратегийн түншлэлийн хөтөлбөрийг хамтран боловсруулах чиглэлээр санал солилцсон. Хоёр улс ирэх жилүүдэд хэрхэн, ямар чиглэлээр голчилж хамтрах, тэдгээрийг албан ёсоор баталгаажуулах нь хамтын ажиллагаанд чухал ач тустай талаар санал нэгдсэн юм. Мөн түүнчлэн Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааны цар хүрээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих талаар санал бодлоо солилцсон билээ.

Энэхүү ажил хэрэгч уулзалтын үргэлжлэл болж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 8-р сард Монгол улсад айлчилна. Энэ уулзалтаас хоёр тал олон чухал асуудлууд дээр харилцан ойлголцолд хүрч, хамтран ажиллана гэсэн их итгэл найдвар тээж байна. 

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.