
Энэтхэгийн нийслэл Дели хотын оршин суугчид цэвэр агаар амьсгалахын тулд "хүчилтөрөгчийн баар" -аар үйлчлүүлж байна.
Энэтхэгийн хойд хэсэгт байрлах бүс нутгуудын дийлэнхэд нь агаарын чанарын үзүүлэлт "эрүүл мэндэд хортой" буюу амьсгалын замын өвчин үүсгэх эрсдэлтэй түвшинд хүрээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид сургуулиудыг хааж, барилгын ажлуудыг зогсоож, автомашины тоог хязгаарлах ажил явуулаад байгаа юм. Дели хотод үйлчилгээ явуулдаг Oxy Bar хүчилтөрөгчийн баарын эзэн Ааръяавээр, "Делигийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн. Мэдээж манай үйлчилгээ иргэдэд маш тустай.
Цэвэр хүчилтөрөгчөөр 15 минут амьсгалах нь бие махбодь дахь хорыг гадагшлуулдаг. " хэмээн ярьжээ. Тус баараар үйлчлүүлж, 15 минут цэвэр хүчилтөрөгч амьсгалах нь 300 рупи буюу 4 ам. долларын үнэтэй бөгөөд зарим иргэд уг үйлчилгээ дэндүү үнэтэй байна хэмээн үзэж байгаа аж. Тэгвэл эмч нар энэ талаар, "Бид хүчилтөрөгчийн дутагдал бус агаарын бохирдолтой тулгараад байгаа. Тийм учраас хүчилтөрөгч амьсгалах нь үүнд тус болохгүй.
Та өдөрт 15 минутаас 1 цагийн турш цэвэр хүчилтөрөгч амьсгаллаа гэж бодоход таны амьсгалсан хүчилтөрөгч тэр үедээ л танд тустай, хүчилтөрөгч амьсгалуулах үйлчилгээ үзүүлдэг газраасаа гарлаа л бол таны өмнө нь амьсгалсан цэвэр хүчилтөрөгч ямар ч нэмэргүй. Цэвэр хүчилтөрөгч амьсгалахын ач тусын талаар тодорхой судалгаа шинжилгээ байхгүй. Энэ бол асуудлыг шийдэх гарц биш. Тэдгээр баарууд зөвхөн иргэдийн айдсаар ашиг хийж байна." хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.