
Дөрвөн Ойрадын хан Галдан бошигт өөрийн төрсөн охин Юнчихай, баруун гарын хөлөг их баатар Данжила хоёрын хамт амь биеэсээ ч илүү хайрлаж энхрийлдэг асан Ану хатнаа онголж оршуулсан газар дээр очоод буцаж явлаа.
Эмээл дээрээ жишүүхэн суугаад их дэлт цагаан шарга мориныхоо чихийг ширтэсхийн үг дуугүй бодлогоширон гэлдрүүлж явсан хантан хагацал зовлонг амсахаараа нэг амсч цөхрөнгөө барсан хүний алжаангуй саарал дуугаар ийн өгүүлэв.
- Хөх тэнгэрийн зарлигаар миний насны тоо гүйцжээ. Иймд би хатантны газар дахин ирж чадахгүй биз. Та хоёр талийгаачийн шарил дээр хаврын хөх ногооноор жилдээ нэг заавал ирж байгаарай гэж хэлээд зовхи нь цэлхрэн хавагнасан гунигтай нүдээр эргэн харлаа. Хэдэн саахалтын чанадад тэнгэрийн одоор тэмдэг тавин онголсон Ану хатны гэрэлт хөшөө аглаг буйд хээр талын явган зэрэглээнд өнчин янзага адил ганцаар бөртөлзөн үзэгдэнэ.
Хантны ядрангуй шарланги нүүр дээгүүр усны сэрүүн сүүдэр адил хэдэн бөртхөн хөх толбо нэвчин тодорхуй дор тэр нэгэнтээ хүндээр амьсгалснаа:
-Би Лхас, Түвдийн эрдэнийн гурван хийдийн хутагт хувилгаадын хүрэхүйеэ бэрх эрдмийн оргилд нэгэнт хүрч тэргүүн хамбын алтан сэнтийд залагдах ховорхон завшааныг хүртсэн хэдий ч Ану хатнаас хүндтэй амин шүтээнийг орчлон ертөнц дээрээс олж бишрэн сүсэглэсэнгүй. Гэтэл миний бие цэргээ Манжид гурвантаа хиар цохиулж, Дөрвөн Ойрадын гал голомт сахих хоёр хүүгээ Бээжинд цаазлуулан толгойг нь хазлаа хэмээн намуухан боловч цухалдангуй өгүүлснээ гэнэт амь амьсгал нь давхцан багтарч зүрхээ дарлаа.
-Монголын газар шороог Манж, Хятадуудад алдвал амьд хүн байтугай үхсэн хүний яс ч үл амарна. Данжила чи нүдээ хөдөлж байсан цагт харийн хар элэгтэнд алга дарам газар ч бүү өг. Ухаарав уу. Алга дарам газар ч … гэж давтан тасалдангуй өгүүлээд мориныхоо дэлийг дэрлэн үхэтхийн уналаа.
Зүүн гарын Галдан бошигт ханы шарилыг түүний гэрээслэл ёсоор чандарлаж хааш хаашаагаа таван ямхын хаш чулуун хайрцагт залж Дөрвөн Ойрадын догшин сүлдний өмнө зааны ясан ширээн дээр тахижээ. Барсын арьсаар зүйж оёсон их хөлгөн асарт арц хүжис, гүгэл зандангийн ариун дагшин үнэр сэнгэнэн шингэн цэнхэр утаа намжааран суунаглах нь бурхадын орныг санагдуулам эрхэмсэг намуун эгшгийг сэтгэлд хөглөх ажээ. Ихэс дээдэс, лам нар, харц доодос цөм ханы чандрыг агуулсан мөнөөхөн хаш хайрцагнаас адис авч амь насаа даатган сүсэглэн залбирцгааж байтал гаднаас хоргой уужтай царайлаг сэвгэр гүйн орж ирээд хүүхдийнхэрхүү цангинасан цовоо хоолойгоор:
-Тэнгэрт үүл бороо нэгээхэн бээр үгүй бөгөөтөл ижилгүй сайхан их цагаан солонго татжээ. Энэ лавтай жир нэгэн үзэгдэл биш. Сохор хүмүүн боловч гарч харцгаагтүн гэж хашгирахад нүүр нүдэндээ хагацлын бараан сүүдэр унаган гашуудан зогссон хүмүүс цөм алчуур, малгайгаа шүүрэн гадагш гарцгаалаа. Тоос, тортог нэгээхэн ч үгүй огторгуйн гэгээн мандалд нүдгүй амьтан ч сургаар нь дуу алдан бишрэн баясмаар цээжний харанхуй бүрэнхийг гэрэлтүүлсэн босоо цагаан солонго татжээ. Түүнийг харсан лам, хуврагууд алга хавсран залбирах зуураа гайхаж алмайрсан олонд хандаж.
-Хүүхдүүд минь сөгдөн мөргөцгөө! Тэнгэрийн хөвгүүн хутагт ханы сүнс орчлонгийн тоосноос тасарч огторгуйд огшиж байна. Бурхан хутагтын эрдэм номын гэрэл гэгээнд залбирцгаагтун гэхэд тэнд хуран чуулсан олон хүн нэгэн зэрэг сөгдөн мөргөцгөөлөө. Ялгуулсан хутагтын шарилыг түүний унаган нутаг цаст Цамбагарав уулнаа онголон тахих зарлигийг Данжила нарын арваад хүмүүст сонсгожээ. Элч нарыг замд гарахын өмнөхөн Зүүн гарын улсын эцэг дээдсийн шүтээн тэнгэрийн сахиус-Алтайн омголон хүрэн бүргэдийг гар дээрээ суулгасан нэгэн идэр баатар тэднийг удирдан ханы өргөөг гурвантаа эргэв. Лам, хуврагууд чандар залах элч нарын замыг засч, муу зүгийн элдэв гай барцадыг номхотгон есөнтөө тарнидан өлзий буяныг ерөөж дөрөөнд нь сүү дусаан мордуулав. Улсыг хурааж, шашин төрийг мандуулагч Бошигт ханы биеийг сүүлчийн замд нь үдэхэд мянга мянган баатар эрс гүн хүндэтгэл үзүүлэн хоёр эгнээ гудамлан жагсч, туг сүлд, зэр зэвсгээ өргөн Дөрвөн Ойрадын уухай дуудсаны дараа гунан буугаар гурван гурвын есөн удаа буудаж, их ёслол үйлдлээ. Итгэл, сэтгэл юуг нь дагуулан нарт ертөнцөөс халин одсон хутагт ханы араас толгойтой бүхэн мөргөж, тойгтой бүхэн сөхөрч дор бүрнээ хүндээр гашуудан нулимс унагав. Данжила баатар хантны чандар бүхий хаш чулуун хайрцгийг эр суран оосортой, ширэн уутанд залж хүчирхэг чийрэг хүзүүнээсээ сахиус адил эгэлдэргэлэн зүүжээ. Гэтэл Бүжин хатан олны дундаас гүйн очиж Данжилагийн дөрөөг түшин зэрэгцэн алхах зуураа:
-Манжийнхан ханы цогцсыг олох гэж сэмхэн хайж яваа сурагтай. Замд чинь хар санаатан отож байх вий. Болгоомжтой яваарай гэж хэлээд морьдын тоосон дунд бөртийн хоцорлоо. Цаст Цамбагарав уулыг зорин мордсон баг цэргийнхэн бүгд уяа сойлго нь ханасан хос морьтой явгарахын зовлон үгүй тул жолоо таталгүй нэгэн жигд буухиалан цогиулна. Их их уулс элч нарын зулай дээрээс хөмсөг зангидан чимээгүй ширтэх бөгөөд хааяахан ган дөрөө хан ханхийн дуугарах бүр цээжинд хэлхэн явсан бодол сарниж морьдын төвөргөөн дунд амгай зуузай шаргин сэтгэл бүүвэйлж талын бялзуухай жив жив жиргэнэ. “Намайг үхсний дараа Манжийн хаан миний хүүр ясыг та нараас нэхнэ шүү. Даруй түргэн шатааж үнсийг нь Алтайн хөх салхинд хийсгээрэй” гэж захисан хан эцгийн үг Данжилатай дөрөө харшуулан довтолгох үзэсгэлэн гоо Юнчихай бүсгүйн чихнээ морины салхинд холдон ойртон сонсогдоно.
Өнгөрөн одсон нүгэлт хар өдрүүдийн бараан бодол элч нарын араас нэхэн сүүдэр адил даган цогино. Заан Тэрэлжийн Зуун мод хэмээх газар Манж, Хятадын гурван замын их цэрэгтэй тулгарсан Галдан бошигтын цөөн хүмүүс ус голыг улаанаар урсч, лус савдгийг айн цочтол харь дайсантай эр эмгүй алалдан дайтсан тэр аймшигт тулалдааны дүр зураг, илд мэсний хангинан харшилдах зэрлэг догшин дуу чимээ яахан тийм амар хялбар мартагдахсан билээ. Галдангийн цэрэг гал, усыг туучин илдний ирийг эмтэрч, уул хаднаас утаа хярвас ханхалтал цавчилдав. Чин улсын хүний тоо өвсний толгойноос олон байжээ. Дөрвөн Ойрадынхан сар гаруй алалдан тулалдсаны эцэст харийн их гүрний цэрэг зэвсгийн хүчинд шахагдан арга буюу ухарч, ар тийш нутаг усаа тэмцэн өдөр шөнийг эс ялган довтолгон явсаар Алтайн хязгаарт иртэл ханы биеийг гэнэтийн дайрлага дайрч, үхэл нүүрлэх нь тэр.
Данжила чи нүдээ хөдөлж байсан цагт Манж, Хятадуудад алга дарам газар ч … хэмээн амьсгал хураахдаа гэрээслэн захисан Галдан ханы сүүлчийн үгийг санах бүрдээ Данжила баатар хүзүүндээ зүүсэн хантны чандрыг байн байн тэмтрэн үзэж сахиус зангиа адил сүсэглэн биширнэ. Гэтэл алсын өл овоо өөд ташуураараа заасан Юнчихай охины “Энэ юун олон морьтой улс гараад ирэв ээ” гэх бачимхан дуун Данжилагийн бодлыг таслах сацуу тэр зүг харвал онь хөтөл дээр буу саадаг агссан зэр зэвсэгтэй олон морьтон зам хөндөлсөн зогсч байх нь тэр. Данжилагийн хоёр нүд тэр хүмүүсийг хармагцаа хаанахын хэн болохыг түвэггүй танилаа. Данжила мориныхоо амыг татаж:
-Манжийнхан байна. Биднийг Цамбагарав уул руу явахыг урдаас туршиж мэдээд зам тоссоноос зайлахгүй. Тулалдаанд бэлтгэн олмоо чангалж буй дүр үзүүлэнгээ хөтөлгөө морио түргэн солиод газрын цагаан руу эргэн зугтацгаая. Энэ новшнуудтай ихээхэн зууралдвал аминд халтай төдийгүй ханы чандрыг алдаж юун магад гэж хэлээд мориноосоо буулаа. Ойрадын элч нар бууж, мордохын зуурт эмээлээ хуу татан авч хөтөлгөө мориндоо тохов. Алсын өл хөтөл дээрээс тэдний хөдөлгөөн бүрийг дурандан ажиж байсан манж жанжин:
-Ойрадынхан морио сольж байна. Эргэн зугтах нь. Энэ улс дотор яваа хүүхнийг заавал амьдаар нь барьж Бээжинд хүргэх ёстой. Битгий харваарай гэснээ мориндоо алав хийн мордож, Данжила нарын зүг бүдүүн, нарийн хоолойгоор уухайлан дайрлаа. Зүүн гарын элч нарыг манжийнхан хоёр талаар нь ангайлан амдаж өртөөлөн хөөлөө. Зугтаж яваа хүмүүсийн нүүрэнд Данжила, Юнчихай, бүргэд барьсан залуу баатар гурав дөрөө харшуулан давхина. Хэдийвээр элч нар унаагаа сольсон ч гэлээ, морио амраан отоонд хүлээж байсан манжийн цэргүүд тэдний араас гэзэг даран нэхэл хатуутай хөөцгөөлөө. Цахиур чулуу чавхдуулан тачигнах олон морьдын тоосон дундуур манж жанжны хун цагаан хүлгийн зүс үе үе бүрэлзэн үзэгдэнэ. Дайснууд сумны тусгалд орж ирээд онь холбон харваж эхлэв. Зугтаж яваа хүмүүсийн суган доогуур сум исгэрэн өнгөрөх бүрд хавирганы хар сиймхийгээр салхи сэрүү татуулан үлээх шиг санагдана. Данжила ойртон ирсэн дайсны түрүүчээс сум тоолон унагавч дайсан олон, сум цөөхөн байлаа. Зугтаж яваа хүмүүс суманд өртөн сүүлчээсээ ганц нэгээр гээгдэн хоцорч, эмээлтэй морь нь жолоо цулбуураа чирэн давхих үзэгдэнэ. Толгой дээр илд далайсан өрөө зөрөөний энэ торгон агшинд хүн бүхэн амь насаа мориндоо даатгав. Данжила араас нь гүйцэж ирсэн нэгэн морийг цулбуурдан авч Юнчихайд өгөх зуураа “Амиа авч гарахыг бод” гэж хашгирсан хэдий ч Юнчихай эцгийнхээ чандарт хоргодсон ч юм уу мориныхоо амыг татсаар явах ажээ.
Монгол нутгийн гүнд тэр тусмаа Зүүн гарын улсын хилийн дээс алхаж Манж нарыг ийнхүү бөөн бөөнөөрөө цөмрөн орж ирэхийн чинээ хэн ч зүүдэлсэнгүй явжээ. Хантны шарилыг хамгаалах хэд хэдэн баг цэрэг дагуулж гарах маань ч яав. Ээ зөнөг толгой, чи хэзээ ухаан орно доо гэж Данжила хөнгөдөж гэнэ алдсан өөрийнхөө нүгэлт хар толгойг түмэнтээ хараан зүхнэ. Гэтэл тэдний буцан зугтах замыг хаахаар отож байсан хэсэг дайсан монголчуудын хажуу хавирганаас гэнэт амдан дайрав. Элч нар манжийнхны урхинд орж хаашаа ч амь мултрах арга үгүй болжээ. Энэхэн мөчид Данжила хантны ширэн ууттай чандрыг хажуудаа зэрэгцэн давхиж явсан залуу баатрын гар дээрх бүргэдийн хүзүүнд алдуурч осолдохгүй бөхлөн уяад түүний нүдийг тагласан хаалтыг автал морь нь суманд оногдон онхолдон унав. Данжила мориноосоо хэдэн алхмын тэртээ харуулдан унасан ч бараг унахаасаа өмнө шахам босон харайж харвал бүргэд аль эрт тэнгэрт хөөрөн нисч яваа үзэгдэв. Хэдийвээр цээж нь шархиран аманд нь халуун цус амтагдаж байсан ч тэрээр нэгээхэн ч тоосонгүй. Ялгуусан хутагтын элч болж цаст Цамбагарав уулын зүг нисч яваа бүргэдийн хойноос хараад бахархан баярлахдаа нүднээсээ арай л нулимс унагаасангүй. Унаанаасаа хагацсан эр араасаа нэхэн айсуй дайсны зүг ч эргэн харсангүй, амаараа шороо гудран унасан буугаа ч авсангүй санаа амарсан янзтай айван тайван зогсч байлаа. Энэхэн мөчид манжийнхан давхин ирцгээж, явган элчийг бүргэдийн хойноос бас тэнгэрт хөөрөн нисчих вий гэж эмээсэн мэт тал талаас нь бүчин дарж аваад шанз олсоор чивчиртэл хоньчлон хүллээ. Хар санаатны гарт үе мөчөө хуга нуга мушгиулан байхдаа тэр, энэ муусайн тэнэгүүд газар хэвтээ намайг л хүлнэ үү гэхээс биш тэнгэрт нисч яваа бүргэдийг ямар барьж чадах биш хэмээн хөх инээд нь хүрэв. Дайснууд бүргэдийн араас нэхэн хөөж, явуут дороос нь харвацгаасан боловч сум нь түүнийг гүйцсэнгүй. Манж жанжин мориноосоо буун харайж хүчинд автан хүлээстэй хэвтэж буй элчийг харснаа эгдүүтэй хорон дуугаар:
-Аа Данжила баатар … чи Тэрэлжийн Зуун модноос миний цэргийн бүслэлтийг сэт цохин үүр цүүрээр зугтаж мөр, сүүдэргүй талийсан биш үү. Гэтэл та надтай Алтайн энэ алс буйд баруун хязгаарт дуртай ч, дургүй ч нүүр учран уулзах үйлтэй толгой байж хэмээн тавлан доогтой хөхөрснөө “Галдангийн үнс чандар хаана байна” гэж дуугаа өндөрсгөн эз дийлсэн хүний дээрэнгүй хоолойгоор зандран асуулаа.
Данжила хэгзэрч хавдсан цустай уруулаа хорсолтойёо долоож:
-Би хурц зэвсэг, хурдан морины ир чадлын үнэнд гүйцэгдэн чиний гарт очсон ч Бошигт ханы цогцсыг хар санаатны гарт үл алдав. Хантны чандрыг тэнгэрийн элч аваад диваажингийн орноо хүргэхээр тэр нисч явна гэж хэлээд дээш харснаа:
-Алтай уулсын ноён сарьдгийн нас бие жагсч, эр чадал нь ханасан зэрлэг бүргэд. Тэр бурхны шувууг захирах хүчтэн энэхэн замбуулинд лавтайяа үгүй биз ээ. Сумны чинь тусгал хүрвэл харвасугай хэмээн өгүүлээд тохуурхан инээмсэглэлээ.
Манж жанжин газрын амьсгалаас тасарч нүдний харцнаас алдууран тэнгэрийн өехийд элин халин нисэн одож буй Алтай омголон хүрэн бүргэдийн араас байж ядсан янзтай жавжаа татвалзуулан ширтэснээ илдээ суга татан бариад цус, шороотой хутгалдан хүлээстэй хэвтэж байгаа Данжила руу мэсний ирнээс өөрцгүй хорлонтой догшин нүдээр харлаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.181.83) 2020-12-30 07:02Үргэлжлэл бнуу
Хариулах