
Хонгконгт үүссэн эмх замбараагүй байдлын үеэр 70 настай эрэгтэй тоосгонд оногдож нас баржээ.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар хохирогч эрэгтэй цэвэрлэгчийн ажил хийдэг байсан ба өдрийн цайны цагаараа гудамжинд алхаж байсан түүний толгой "масктай босогчдын шидсэн хатуу зүйл"-д оногдсон байна. Хонгконгийн эрх баригчид болсон явдалд харамсч буйгаа илэрхийлэн,"Маск зүүсэн босогчид өнгөрсөн 3 өдрийн турш Хонгконгийн хэд хэдэн дүүрэгт маш ноцтой бөгөөд аюултай үйл ажиллагаа явуулсанаараа иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаад байна." хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн амь үрэгдсэн иргэн нь Хонгконгд Хүнс, хүрээлэн буй орчны эрүүл ахуй хариуцсан газарт ажиллахаар ирсэн гадаадын иргэн байсныг онцолжээ. Хэрэг явдал өнгөрсөн лхагва гарагт гарсан ба хэргийн газар дээр хийсэн бичлэгээс Хонгконгийн засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд үүссэн мөргөлдөөний үеэр хохирогч эрэгтэй толгойдоо тоосгоор цохиулан унаж байгаа нь тодорхой харагдаж байгаа аж. Хүнс, хүрээлэн буй орчны эрүүл ахуй хариуцсан албанаас мэдээлж байгаагаар хохирогч эрэгтэй пүрэв гарагийн өдөр эмнэлэгт нас баржээ.
Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нарын явуулж байсан ажиллагааны үеэр 22 настай оюутан залуу Алекс Чоу нулимс асгаруулагч хийнээс зугтааж яваад автомашины зогсоолын барилгаас унаж нас барсан хэрэг гарсан юм. Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт цагдаагийн ажилтан нэгэн залууг гар буугаар цээжин тус газар нь шархдуулж, Хонгконгийн засгийн газрыг эсэргүүцэгч нартай маргалдсан эрэгтэй рүү шатамхай бодис цацаж, шатаасан хэрэг тус тус гарсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.