
Монголын хууль, Шүүхийн тогтоол,МХГ-ын торгууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх захирамж .... аль нь ч үйлчилдэггүй “БҮРЭН ЭРХЭТ ” БНХАУ-ын “Петро Чайна дачин тамсаг “ компани!!!!!!
Дорнод аймагт газрын тос олборлож буй БНХАУ-ын “Петрочайна дачин тамсаг” компани газрын гүний усаар тос олборлож, үйлдвэрлэлд хэрэглэсэн химийн аюултай хорт бодисоо Мэнэнгийн талд тэр чигт нь булж, хүнд даацын машинаар газрын хөрс талхалж, байгаль орчинд асар их хохирол учруулж байна. Энэ компанид Мэргэжлийн хяналтын байцаагчийн торгууль байтугай Монголын хууль ч үйлчилдэггүй. Хууль биелүүлэхийг даалгасан Дээд шүүхийн тогтоол ч зүгээр л “цаас”.
Газрын тосны тухай хууль 2014 онд батлагдсан. Уг хуулийн 11.2.17-д “Олборлогч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тусгай гэрээг тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг даргатай байгуулах үүрэгтэй” гэсэн заалт бий. Энэ хуулиар “Петро чайна” Дорнод аймгийн Халх гол сумын засаг даргатай гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл хууль батлагдснаас хойш 5 жил өнгөрсөн ч гэрээ байгуулсангүй. Хуулиа биелүүлэхийг нутгийн иргэд нь шахаж шаардаж, бүр Дээд шүүх хүртэл заргалдаж, хууль биелүүлэхийг даалгасан тогтоол гаргуулсан ч тусыг эс олжээ. Хууль биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Мэрэгжлийн хяналтын газраас 30 сая төгрөгөөр торгосон ч торгуулиа төлсөнгүй.
Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх Шүүгчийн захирамж гараад ч дийлдэггүй ээ. Хамтарсан талуудын хурал дээр “Энэ хуулийг биелүүлж чадахгүй” гэдгээ компаний зүгээс хэлсэн ч манай төрийн байгууллагын хууль хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчид амандаа ус балгасан мэт дуугүй байсан нь нутгийн иргэдийг гайхшруулжээ. Хууль биелүүлдэггүй энэ Хятад компаний ард маш том улс төрийн бүлэглэл байгаа болоод л ийм том дуугарсан биз.
Өнөөдөр “Петрочайна дачин Тамсаг”-аас 10-20 дахин бага орлоготой “Шиншин”, “Цайрт менерал” зэрэг компаниуд сумтай гэрээ байгуулж жилдээ 1,5 тэрбум төгрөгийг 10 гаруй жил өгөөд явж болж байхад “Петро чайна дачин Тамсаг ”компани газрын тосны тухай хуулийн зөвхөн дээрхи заалтыг л гэхэд 5 жил зөрчиж байна. Хууль үйчилдэггүй, Шүүхийн тогтоол, шийдвэр гүйцэтгэл аль нь хэрэгждэггүй БҮРЭН ЭРХЭТ энэ компанийг яах ёстой вэ????
Сэтгүүлч Б.Отгон
2019.12.18
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.