Ядуу эр ба гурван анар /Гүрж ардын үлгэр/

Twitter Print
2018 оны 10-р сар 19-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн ядуу эр байжээ. Орох оронгүй оочих аягагүй ядуу гэнэ. Хөөрхий эр аргаа барахдаа ойд очиж мөчрөөр овоохой босгон суужээ. Тэгээд хуурай гишүү түүж хотод аваачиж зараад зүсэм талх худалдан авч голоо зогоож шар нар, бор хоногийг өнгөрөөдөг байв.

Нэг удаа гишүүгээ зарчихаад жаахан талх худалдаж аваад ихэд дааран бээцэгнэн овоохой руугаа явлаа. Тэр хааны ордны хажуугаар өнгөрч явтал хааны охин харчихаад эцэгтээ,

-"Аав аа, хараач! Чөтгөр явж байна" гэв.

Эцэг нь өнгийн харваас чөтгөр биш, ядуу хүн явж байлаа. Хаан охиндоо уурлан, - "Чөтгөр биш ээ, хүн л байна!" гэхэд охин нь,

-"Үгүй ээ, ийм хав хар хамаг хувцас нь урагдаж ноорсон хүн гэж байхгүй, энэ ерөөсөө л чөтгөр, чөтгөр байна!" гэж охин нь хэлэхэд эцэг нь уурлан хоёул маргалдаж гэнэ.

Эцэст нь эцэг уурандаа,

-"Одоохон түүнтэй суу, суухгүй бол толгойг чинь авна" гэжээ.

Охин нь айж, толгойгоо авхуулснаас энэ ядуутай суусан дээр гэж бодоод жаал жуул хувцас боож аваад ордноосоо гаран ядуу эрийн араас гүйв.

Хүн гуай, хүн гуай, хүлээж бай! гэж гүнж дуудахад ядуу эр эргэж нэг харснаа ийм сайхан хүүхэн намайг юу гэж дуудах  вэ  гэж  бодоод цааш  явжээ. Тэгээд овоохойдоо орвол нөгөө сайхан бүсгүй араас нь ороод иржээ. Ядуу эр сандран,

-Чи юу гэж яваа юм? гэж асуухад

-Чамтай суухаар ирлээ гэж хааны охин хариулав.

Ядуу эр айж цочирдон ийм сайхан эхнэрээр би яах вэ, яаж тэжээх вэ? гэж бодоод,

-Би яаж шүү амьдардгийг чи харж байгаа биз дээ. Хэдэн гишүү зараад талхны булан олж иддэг. Би чамайг тэжээж чадахгүй шүү дээ! гэв.

-Өө, битгий ай. Би өөрийгөө ч, чамайг ч тэжээнэ гээд гүнж,

-За энэ гар хийцийн сайхан алчуурыг харж байна уу? Энэ бол таван зуун рублийн үнэтэй эд. Үнэ нь дээр нь нэхээстэй байгаа. Чи зах дээр аваачиж зараад ир гэж гэнэ. Ядуу эр алчуурыг аваад зах явжээ. Нэг худалдаачин алчуурыг нь сонирхон үнэ цэнийг нь асууж, ядуу эр ч алчууран дээрх үнийг үзүүлж харуулж тэгээд наймаа тохирчээ. Худалдаачин ядуу эрийг гэртээ дагуулан очиж таван зуун рубль тоолж өгөөд ундалж дайлаад явуулжээ. Ядуу эр мөнгөө гэртээ авчирав. Эхнэр нь дахин өөр нэг алчуур нэхээд нөхөртөө өгөн, 

-Энийг бас зараад ир гэжээ.

Ядуу эр дахин зах дээр очоод алчуураа зарах гэсэн боловч хэн ч сонирхсонгүй, хэн ч авсангүй. Харин нэг хүн,

-Надад мөнгө байхгүй. Алчуурыг чинь аваад оронд нь гурван үг хэлж өгье гэж гэнэ.

-Үгүй ээ, би гурван үгнээс алчуураа зарахгүй гээд ядуу эр буцав.

Эхнэр нь алчуураа зарсангүй юу гэхэд нэг хүн гурван үгээр авъя гэсэн гэж ядуу эр хэлжээ. Тэгтэл эхнэр нь,

-Одоохон явагтун! Гурван үгийг нь сонсоод алчуураа өг гэж гэнэ.

Ядуу эр дахин зах дээр очиж нөгөө хүнээ эрсээр хайж олоод гурван үгийг чинь сонсоод алчуураа өгнө гэж хэлжээ. Нөгөө хүн нь "За тэгвэл манайд очъё" гээд гэртээ дагуулж ирээд хэлсэн нь,

-Нэгдүгээрт, чи бодохгүйгээр юу ч битгий ярьж бай. Эхлээд бод, дараа нь хэлж ярьж бай! Хоёрдугаарт, чамд ямар нэг хүнийг муулж, тэр ч байтугай чиний амийг авна гэж байсан ч тэр хүнийг яарч битгий амийг нь хороох гэж гүй! Эхлээд үнэн худлыг шалга! Гуравдугаарт, чамайг голын захад сууж байхад чинь хүн ирээд энд гарам байна уу? гэж асуухад нь чи юу гэж хэлсэн яахав гээд "байна байна" гэж битгий хариул! Тэр хүн чамд итгээд живж үхнэ. Энэ бол муу хүний шинж. Тэгэхээр ямар нэг юманд хуумгай худлаа хариулж болохгүй! За миний чамд хэлэх гэсэн гурван үг энэ дээ гэж гэнэ.

Ядуу эр гэртээ ирээд эхнэртээ цөмийг ярьжээ. Эхнэр

-Бүгдийг  нь  сайн   тогтоо!   Хэзээд  хэрэг   болно. Харин одоо явж ямар нэг ажил олж хийвэл зүгээрсэн. Хоёулаа мөнгөтэй болоод том шар худалдан авч аж амьдралаа өөд нь татъя гэжээ. Ингээд ядуу эр ажил олж хийхээр хот руу явах замдаа гурван худалдаачинтай дайралдаж гэнэ.

-Сайн байна уу? гэж худалдаачид мэнд мэдэв.

-Сайн, сайн явцгааж байна уу? гэж ядуу эр хариулав.

-Чи манай зарц болохгүй юу?

-За тэгье. Бололгүй яахав гэж гэнэ.

-Жилд хэдийг авах вэ?

-Жаран рубль.

Худалдаачид ядуу эрд жилийнх нь мөнгийг гэр лүүгээ явуул гээд урьдчилан өгч гэнэ. Ядуу эр мөнгөө нутгийн хүнээр гэргийдээ явуулжээ. Тэгээд өөрөө худалдаачидтай цуг цааш явжээ. Тэд гурван өдөр гурван шөнө яваад гол устай газар дайралдсангүй гэнэ. Цаашлан цаашилсаар нэг ойн жимээр орж явтал уулын хавцалд ус байв.

Худалдаачид зарцдаа домбо өгөөд,

-Тэр хавцалд ус байна аваад ир гэжээ.

Тэд ядуу эрийг мэдсээр байж үхэл рүү явуулсан байжээ. Ядуу эр хувин усны төлөө амиа алдах ёстой байв. Ядуу эр хавцал дахь ус руу дөхөж очвол хуяг дуулгатай нэгэн сайхан баатар эр мэлхийгээр тоглон сууж байна гэнэ. Баатар эр түүнийг хармагц ийнхүү асуув.

-Алив ах минь, хэлээч. Энэ мэлхий бид хоёрын хэн нь сайхан бэ?

Мэлхий баатар эрийн мөрөн дээр үсрэн тоглоно. Ядуу эр амандаа орсныг хэлэх гэснээ бодолгүйгээр бүү ярьж бай гэж хэлснийг гэнэт санан бодосхийн, тэр ч байтугай гурван алхам ухрав. Хэрвээ түүнийг мэлхийнээс сайхан гэвэл баатар эрд үл таалагдан намайг хөнөөвөл яах билээ? Энд нэг л учир байна гэж тунгаан байх хооронд баатар эр яаруулна. Ядуу эр бодож бодож мэлхий сайхан гээд үзье гэж шийдээд,

-Мэлхий сайхан! гэв.

Баатар эр ч ингэж хэлүүлэхийг хүсчээ. Ядуу эр мэлхий сайхан гэж дөнгөж хэлмэгц мэлхийн арьс хага үсрэн дотроос нь нарт дэлхийд баймгүй үзэсгэлэнтэй бүсгүй гараад ирэв. Баатар эр баярлан түүнийг тэврэн авч,

-Энэ үгийг хэлүүлэх гэж, үзэсгэлэнт бүсгүйг хар хорын хүчнээс салгах гэж, энэ усны хажууд ирсэн хичнээн хүнээс би асуув даа! Одоо ус чөлөөтэй авч болно, намайг эндээс бүрмөсөн явсан гэдгийг бүгдэд хэл! гэжээ.

Ингээд баатар эр ядуу эртэй салахдаа түүнд гурван гайхамшигт анар, эмэгтэй хүний алтан бүс өгөөд,

-Анар чамд хэрэг болно, алтан бүсийг эхнэртэй бол эхнэр чинь бүслэг. Буржгар алтан шар үстэй хөөрхөн хүү төрнө гэж гэнэ.Тэгээд үзэсгэлэнт бүсгүйгээ дагуулаад яваад өгчээ.

Ядуу эр алтан бүс, гурван анараа даавуунд боон нутгийн хүнээр эхнэртээ явуулаад өөрөө уснаас домбоо дүүргэж аваад худалдаачид руу эргэж очжээ. Түүнийг амьд эргэж ирсэнд худалдаачид гайхан,

-Усны дэргэд хүн байна уу? гэцгээжээ.

-Байсаан. Гэхдээ одоо явчихсан. Одоо ус чөлөөтэй авч болно гэхэд цөм баярлан ядуу эрийг тэврэн талархав. Ус чөлөөтэй авахыг таалж, түүнийг тэндээс холдуулахын тулд чи юу хийв,  юу гэж хэлэв?  Бид хэчнээн жил усгүй үйл тамаа үзэж байгаа билээ гэж худалдаачид гайхан асууна. Энэ үед нөгөө нутгийн хүн ядуу эрийн эхнэрт даавуунд боолттой баялгийг нь аваачиж өгчээ. Эхнэр нь нэг анарыг таллаваас зөвхөн нэг талаас нь өндөр гоёмсог ордон, өтгөн ногоон цэцэрлэгтэй сайхан хот бий болов. Тэгээд эхнэр нь үй түмэн адуу, хонин сүргээ өргөн талаар бэлчээн адуучин малчин хөлсөлж аваад амар сайхан амьдарч авааль нөхрөө хүлээн суужээ. Ядуу эр худалдаачдад амласан ёсоороо нэг жил ажиллачихаад буцахад түүнд талархан дахин их мөнгө өгчээ. Одоо ус чөлөөтэй авах болсон учир тэдэнд, зарц хэрэггүй болжээ. Тэд ус авах гэж л зарц хөлсөлдөг байсан аж.

Ингээд ядуу эр гэрийн зүг явжээ. Мөчрөн муу овоохойгоо чиглэн гэлдрэн явж байтал талаар нэг үхэр бэлчиж харагдана гэнэ. Тэгэхээр нь дөхөж очоод үхэрчнээс,

-Энэ хэний үхэр вэ? гэж асуухад үхэрчин өөрийнх нь нэрийг хэлж гэнэ.

Ядуу эр гомдож уурлаад хүнээр тоглоом тохуу хийлээ гэж бодоод юу ч хэлсэнгүй цааш явжээ. Тэгтэл хонин сүрэг налайн бэлчиж өмнөөс нь гарч ирэв. Түүнийг харсан ядуу эр "Энэ хэний хонин сүрэг вэ" гэж асуухад бас л өөрийнх нь нэрийг хэлэв. Тэгээд явсаар ой руу ороод овоохойгоо байсан газар иртэл асар том сайхан ордон байна гэнэ. Ядуу эр гайхан ордныг хүрээлсэн хашаанд ороод тийм нэртэй, тийм хүн хаана суудаг вэ? гэж эхнэрийнхээ тухай асуув.

-Тэр чинь манай эзэгтэй. Тэр довцог дээрх алтан шаргал ордонд суудаг юм гэж хариулжээ.

Ядуу эр бүр гайхан учраа олохоо байжээ. Тэгтэл ч зарц барлагууд түүнийг тойрон чамд юу хэрэгтэй вэ, ажил эрж явна уу? гэж асуув. Ядуу эр ч тийм тийм, юу ч хамаагүй хийнэ гэжээ. Цөм шуугилдан зарим нь хэрэгтэй, зарим нь хэрэггүй гэцгээж гэнэ. Гэтэл галуу маллагч нэг өвгөн,

-Би галуугаа мануулъя гээд авчээ.

Тэгээд галуу шувуу манасаар сар болжээ. Нэг удаа ядуу эр өвгөнд,

-Энд  нэг  хүн  манайд  сар   шахам  галуу  шувуу манасан юмаа. Тэр хүн тантай уулзах гэнээ гэж охин эзэгтэйд мэдэгджээ. Эзэгтэй нөхөр минь биш байгаа гэж бодоод оруул гэж зарцдаа хэлжээ.

-Би эзэгтэйтэй чинь уулзмаар байна гэж гэнэ. Өвгөн би өөрөө эзэгтэй рүү очиж зүрхлэхгүй, харин охиноо явуулъя гээд охиноо явуулжээ.

Ядуу эр ч одоо юу болдог бол доо гэж бодсоор очиж гэнэ. Гэтэл эхнэр нь дээд давхраас харангуутаа таньж зарц нартаа,

-Тэр хүнийг өргөөд газар гишгүүлэхгүй аваад ир! гэж тушаав.

Зарц нар нь ура хашгиран ухасхийж ядуу эрийг өндөрт өргөн яах ийхийн зуургүй эзэгтэйн өмнө аваачжээ. Гэхдээ зарц нар нь дотроо гайхан хорсон, энэ муу галуу манагчид ямар өндөр хүндэтгэл яагаад ингэж оногдов гэж атаархан бодсон аж. Эзэгтэй нь зарц нараа явуулчихаад хайрт нөхрөө угтан авч, хамаг учраа дэлгэн ярьж, сайхан хувцсыг өмсгөөд саатан саатан зугаалав гэнэ. Ядуу эр эзэн нь байсныг мэдсэн зарц барлагууд айн сандарч хөөх туух байх гэтэл эзэн нь огтхон ч уурлаж хилэгнэсэнгүй. Ядуу эр эзэн болоод шинэ сайхан ордныхоо өрөө  тасалгааг  үзэж явтал нэгэн өрөөнд буржгар алтан үстэй хүү өлгийтэй байна гэнэ.

Ядуу эрийн уур хүрэн хурц хутгаа суга татан эхнэрээ алахаар ухасхийснээ, хүн алахаасаа өмнө нягтлан шалгаж бай гэсэн үгийг санаад зогтусав. Тэгээд сайхан баатар эр алтан бүс бэлэглээд юу гэж хэлсэн, өөрөө эхнэртээ тэр бүсээ явуулснаа санажээ. Эхнэр нь,

-Энэ бүх юм чиний хүч хөлөлмөрийн хөлс шүү. Чи надад гурван гайхамшигт анар, алтан бүс явуулснаа санаж байгаа биз дээ. Энэ хот, ордон зөвхөн нэг анарын талаас бий болсон юм. Хоёр бүтэн, нэг тал анар одоо болтол хадгалаастай байгаа гэж гэнэ. Тэр цагаас хойш ядуу эр эхнэртэйгээ аз жаргалтай амьдрах болжээ. Нэг удаа эхнэр нь, хоёулаа хаан аавыг урьж, харъяат улсаа харуулъя гэжээ.

Ингээд хадам эцэг хаан ааваа урихаар адуун сүрэг дундаасаа цагаан морио барин, мөнгөн эмээлээ тохоод мөнгөн хазаараар хазаарлаж, үнэтэй цагаан хувцсаар үнэнч зарцаа гоёод явуулжээ. Чи манай зарц гэдгээ замын хүнд байтугай хаан эцэгт   битгий хэл. Зүгээр л танай хүргэн таныг урьж байна гээрэй гээд явуулжээ.  Зарц хаан эцгийнд нь ирээд,

-Танай хүргэн таныг урьж байна гэжээ. Ийм сайхан эр тэр муу гуйлгачны хэл болж явахдаа ичихгүй байна уу? Тэр муу намайг хар овоохойдоо урьж яаж зүрхлээ вэ! гэж хаан эцэг шоолон хөхөрч гэнэ. Зарц эргэж ирээд хаан эцэг нь юу гэж хэлснийг ярив. Тэгэхээр маргааш нь адуун сүрэг дундаасаа улаан морио уургалан барьж алтан эмээлээ тохоод, алтан өнгөт хувцсаар авхаалжит зарцаа гоёод явуулжээ. Зарц хаан эцгийнд нь ирээд,

-Эрхэмсэг их эзэнтэн минь! Танай хүргэн таныг залран ирнэ үү! гэж байна гэжээ. Гэтэл хатан нь,

-Ядуу ч гэсэн хүргэн маань юм байна. Уух идэх юм, уухилах үйлчлэх зарц барлагаа аваад очиж эзгүй талд дуудан ирүүлж, илүүчилж жаахан юм бэлэглэе гэж гэнэ. Зарц нь эргэж ирээд хаан эцэг хатан эх тань уух идэх юмтайгаа уухилах үйлчлэх зарцтайгаа ирж явна гэдгийг хэлжээ.

Ингээд хаан эцэг нь ирж явах замдаа хонин сүрэг налайхыг хараад,

-Энэ хэний сүрэг вэ? гэж асуухад хүргэнийх нь нэрийг хэлж гэнэ. Хаан цааш явж байгаад багширсан их адуун сүрэг хараад,

-Энэ хэний сүрэг вэ? гэхэд бас л хүргэнийх нь нэрийг хэлжээ.

Хаан адуун сүргийг шинжиж сайн хараад,

-Манай хүргэн баяжсан бололтой. Уух идэх юмтайгаа уухилах үйлчлэх зарцтайгаа очих эв ёсонд эвгүй гээд идэх уух юмаа хаяулж, зарц барлагаа буцаажээ. 

Тэгээд явсаар нэг сайхан хотод ирвэл хотын төвд гоёмсог ордон байх агаад ордны сэрүүвч дээр охин нь нөхөртэйгөө зугаалан явна гэнэ. Хаан хатан хоёр гоёмсог ордонд орон хүргэн, охин хоёроо тэврэн авч уулзжээ. Охин нь, - Ирээч гээд урихад ирэхгүйн учир юу вэ? Ичгэвтэр муухай санагдаа юу? гэжээ.

Тэгээд хаан хатан хоёр танхимд оров. Ширээн дээр нь хааны урьд өмнө амсаж үзээгүй амттан шимттэн өрөөстэй байв. Хаан эцэг, хатан эх хоёроо халамжлан зочилсныхоо дараа охин нь

-Бидний мөнгийг задалж өгөөч гэжээ.

Тэгээд хоёр бүтэн нэг тал анараа гаргаж ирээд хэрэв бололцоотой бол худалдаж аваач гэв. Хаан эцэг нь хоёр анарынх нь мөнгийг арай чүү төлөөд тал анарынх нь мөнгийг төлж чадсангүй, мөнгө нь дуусчээ. Ингээд хүргэндээ сайны ерөөл адислаад хүчирхэг их улсынхаа хаан ширээнд суулгасан юм гэнэ лээ.

Орчуулсан Ж.Оюунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.