Хүүхдийн баяраар ашиг сонжоо хайгчид болимоор юм

Twitter Print
2014 оны 05-р сар 29-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Жилд ганцхан болдог хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэх тодотголтой эл баяр жилээс жилд цардмал зам шиг гөлийгөөд нэг хэвийн байх юм. Цаг хугацааны хэрээр өөрчлөгддөггүй ганц зүйл нь энэ бололтой. Уг нь хүүхдийн чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь аав, ээжтэйгээ хамтдаа паркаар тоглож наадах. Мэдээж хэрэг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр учраас хүүхэд тань юу хүсч байгаа, яаж баярлуулах тал дээр гэр бүлийн хүмүүс шийднэ. Гэтэл бид хүүхдүүдээ хүссэнээр баярлуулж чаддаг болов уу.

Чингисийн талбайд хэдэн хүүхдүүд цугларч Ерөнхий сайд, Шадар сайд нар хүрэлцэн ирж хүүхдүүдэд гарын бэлэг тарааж, ямар хайртайгаа хэлж баахан реклам хийгээд явчихна. Хэн юу гэж хэлж байгааг ч мэдэхгүй гэнэн цагаахан балчирууд, яах учраа олохгүй, яаж баярлаад байгаагаа ч ойлгохгүй төв талбайгаар гүйлдэж өнгөрөөдөг бол арай бэл бэнчин ихтэй айлын хүүхдүүд орчин үеийн тоглоомтой паркад өдрийг өнгөрүүлж, овойж оцойх орлогогүй дундаж амьдралтай айлын хүүхдүүд энд тэндхийн жүжиг үзэж өдрийг аргацааж байна. Бодит байдал дээр ийм зураглал жилээс жилд тод товруун харагдсаар ирсэн. Ийм эрс тэс маягаар хүүхдүүд баярлаж буй нь хүүхдийн төлөө гэх нэртэй парк, үзвэр үйлчилгээний үнэ тарифын асар их зөрүүгээс шалтгаалж байгаа нь ойлгомжтой.

Арга ч үгүй биз. Хүүхдийн парк өнөөдөр давчуухан зайндаа багтамгүй тэнгэрт хадсан үнийн тарифыг тогтоосон байхад хүүхэд багачууд олигтой тоглож баярлаж чадна гэж үү.

Энэ хүсэл нь ядруухан амьдралтай айлын хүүхдүүдийн хувьд бараг л мөрөөдөл болон хувирч байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл тэнгэрт хадсан үнэтэй паркад нийслэлийн багачуудын ихэнх нь тоглох эрхээ үргэлж л хасуулсаар удлаа. Өнөө жил мөн л тийм байх бололтойдог. Учир нь өдгөө Хүүхдийн паркт нийт 13 автомат болон цахилгаан тоглоом ажилладаг. Тоглоом тус бүр өөр өөр тарифтай, тоглох хүүхдийн нас өндрийг хүртэл хэмжсэн заалттай, яваандаа жингээ ч үзүүлдэг болж магадгүй. За тэгээд, Парк доторх цөөхөн хэдэн тоглоом дээр тоглохын тулд өндөр үнэ төлөх нь ойлгомжтой. Нэг тоглоом л гэхэд 4000-6000 төгрөгийн үнэтэй. Мөн багцын үнэ нь гэхэд 10, 15, 20, 25 мянган төгрөг байх жишээтэй. Хачирхалтай нь, энэ багцаараа нэг л хүүхэд тоглоно гэдэг хатуу хуультай. Бас болоогүй нэвтрэхдээ хүртэл 1000 төгрөг төлж байж нэвтэрнэ.

Угтаа бол ҮСАХ-г Монголдоо байхгүй тохилог орчинг бүрдүүлсэн газар гэхэд маргах хүн үгүй. Гэвч энэ өндөр үнээр олон хүүхэдтэй айлын хүүхдүүд хэдэн тоглоом дээр тоглож чадах бол. Энэ асуудал олон хүүхдийн эцэг эхийн санааг зовоосон асуудал болсоор.

Үүгээр ч зогсохгүй инээд хүрмээр хачин жигтэй дүрмийг өнгөрсөн жил тогтоосон байх юм. Тухайлбал, "Том хүн гэдэг нь 130 см-ээс дээш өндөртэй бол том хүн, 130 см-ээс доош гурван наснаас дээш бол хүүхдийн тасалбар худалдан авна" хэмээн бичигтэй харагдана.

Орчин цагт 130 см өндөртэй ахлах ангийн сурагчид олдох болов уу. Зарим жижиг биетэй сурагчдын хувьд энэ нь бөөн аз жаргал, мөрөөдөл нь биелэж буй хэрэг. Хүүхдийг биеийн харьцаагаар нь ялгасан ийм "хачин жигтэй" журмыг хэн гээч нь бичиж мөрддөг байна. Харин энэ жил энэхүү дүрэм нь мөрдөгдсөн хэвээр байх болов уу, яах бол бүү чөтгөр бүү мэд.

Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ жилд ганцхан тохиох энэ өдрөөр нь мөнгөнд баригдуулалгүй эрх дураар нь баярлуулах арга байдаггүй л юм байх даа. Манайхны урдаа барих ганц хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн том нэрийг хүлээж авахад дэндүү учир дутагдалтай санагдана. Монгол Улсын газар нутагт, улсын гэх тодотголтой Нийслэлд ганцхан байдаг жижигхэн талбайтай, өртөг өндөртэй паркад "баячууд"-ын хүүхдүүд л тоглох эрхтэй. Харин ядарсан энгийн ардын хүүхдүүд үнэ нь тэнгэрт хадсан тоглоомын газар тоглож наадаж чадахгүй байсаар хүүхдийн тооноос хасагдах бололтой.

"Хүүхдийн парк"-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлбэл хатуудахгүй л болов уу.  Энэ асуудлыг хүүхдийн гэх тодотголтой 100 гаруй байгууллага дуугаа нэгтгэж, жагсаж байгаад ч хамаагүй хүүхдүүдээ баярлуулмаар юм. Манай улсын хувьд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэдэг мөртлөө хэрэгтэй үедээ нэг ч удаа ам нээхгүй байгаа нь хачин жигтэй.

Бид хойч үеийнхээ гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийнхээ ганц тохиох баярын өдөр нь ашиг сонжоо хайж, хөлжихөөс илүүтэй “ганц өдөр” хүүхдийнхээ дуу хоолойг сонсож тэдний эрхийг хүндэлж, дуртай газар нь тоглуулж, буртаг суусан нүдэнд нь жаргал гэрэлтүүлж болохгүй юм гэж үү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.