
ОХУ Украины Луганск, Донецк мужуудыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурлаа. Энэ удаагийн хориг арга хэмжээ нь хамрах цар хүрээний хувьд Украйны Луганск, Донецск мужид цаашид явагдах аливаа аж ахуйн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, технологийн асуудалд илүүтэй чиглэгджээ.
Тодруулбал Европын холбоо болон "Их-7" -гийн орнууд Оросын хэд хэдэн банк, Думын 351 гишүүний эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ.
АНУ-ын Конгрессын зарим гишүүдийн санаачилсан ОХУ-ын төрийн удирдлагууд, банк санхүүгийн зарим байгууллагын эсрэг авах илүү өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээний төсөл Конгрессын түвшинд хэлэлцэгдэж байна.
Үүнээс гадна ХБНГУ-ын эрх баригчид ОХУ-аас Европ руу хий нийлүүлэх "Северный поток-2" хий дамжуулах хоолойн төсөлд зөвшөөрөл олгох явцыг зогсоосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болон Промсвязьбанкны эсрэг хориг арга хэмжээ авах талаар мэдэгдсэн юм.
Тодруулбал, Оросын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болох ВЭБ болон Промсвязьбанк АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба АНУ-ын банк санхүүгийн байгууллагуудад дээрх банкуудтай гүйлгээ хийх, ажил хэрэг явуулахыг хоригложээ.
Тэрчлэн АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хориг арга хэмжээний дагуу ОХУ-ын засгийн газар АНУ болон Европын холбооноос санхүүжилт авах боломжгүй болжээ.
АНУ-ын хориг арга хэмжээнд Оросын Аюулгүй байдлын албаны дарга Александр Васильевич Бортниковын хүү, ВТБ банкны ерөнхийлөгчийн орлогч Денис Бортников, Промсвязьбанкны гүйцэтгэх захирал Пётр Фрадков, VK компанийн ерөнхий захирал Владимир Кириенко нар тус тус багтжээ.
Эх сурвалж: cnbc.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn