ОХУ Украины хил рүү цэргүүд нэмж илгээлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 15-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

ОХУ Украины хил рүү хэдэн мянган цэргүүд нэмж илгээсэн нь Украины хил дээрх нөхцөл байдал дахин олон сараар үргэлжлэх төлөвтэй байгааг илтгэж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон асуудал маш аюултай түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Их Британийн эрх баригчдын мэдээлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчний 14 батальон Украины хил орчим руу хөдөлжээ.

Одоогийн байдлаар Украины зүүн хил орчим ОХУ-ын 100 мянга гаруй цэрэг байрлаж байгаа билээ.

Их Британийн засгийн газрын гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргүүдээ оруулах эсэхээ шийдээгүй эсвэл оруулах ямар ч бодолгүй байгаа гэж үзэж байна.

Өнгөрсөн даваа гарагийн шөнө Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Украины асуудлыг утсаар хэлэлцсэн ба талууд уг асуудал дээр эв нэгдэлтэй байж, хамтарсан шийдвэр гаргахын ач холбогдлыг онцолж, ОХУ Украин руу цэргээ оруулсан тохиолдолд ОХУ удаан хугацааны хямралтай тулгарах болно гэдэг дээр санал нийлжээ.

Киев хотын ойролцоо Америкийн цэргийн тусламжийн багцанд ирсэн танкын эсрэг Javelin пүүжинг Украины цэргүүд задалж байгаа нь /Ukrainian troops unpack Javelin anti-tank missiles, part of the US military support package, near Kyiv. Photograph: Valentyn Ogirenko/Reuters/

Түүнээс гадна Борис Жонсон барууны орнууд асуудлыг шийдвэрлэх явцдаа Украины НАТО-д элсэх боломжийг хязгаарлах ёсгүй гэдгийг онцолжээ.

Их Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс ОХУ-ын Украинд дарамт шахалт үзүүлэх явдал хэдэн сараар үргэлжлэх төлөвтэй байгаа хэмээн парламентын хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар АНУ, Их Британи болон Европын холбоо ОХУ Украин руу довтолсон тохиолдолд ОХУ-ын эсрэг авах багц арга хэмжээг боловсруулж байгаа ба Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр олигархуудад хамгийн түрүүнд хориг арга хэмжээ авна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.