Монголчуудад ахадсан солонгосын виз

Twitter Print
2014 оны 05-р сар 31-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид чоныг хийморьтой амьтан хэмээн үзэж, "Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг" гэж ярьдаг. Харин хөх толбот бидний хувьд БНСУ-ын виз илүү хийморьтойд нь гардаг болоод уджээ.

Хамаатны эгч маань энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост зорчих шаардлага гарч, аяллын виз хүссэн боловч визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь халгаасангүй. Уг нь солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, оюутан байх үеэсээ л энэ улсад зорчиж, Улаанбаатар-Инчонийн нислэгээр найм есөн удаа ирж буцсан, ингэхдээ ямар ч зөрчил гаргаж байгаагүй хүн л дээ. Визний мэдүүлгийг нь хүлээж авсны дараа виз гаргахгүй байх үндэслэл байсан бол яах вэ.

Харин огт хүлээж аваагүй нь БНСУ- ын ЭСЯ-ныхны цэвэр үзэмжийн асуудал байлаа. Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас визний мэдүүлгийг яагаад хүлээж авахгүй байгааг тодруулахад "Сүүлийн зургаан сарын турш 500 мянгаас дээш төгрөгийн цалин авсан, нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангаагүй хүний материалыг хүлээж авахыг ЭСЯ-наас хориглодог" хэмээсэн байна, Монголчууд бид солонгосчуудад хэдий болтол хүнээс доохнуур, нохойноос дээхнүүр үнэлэгдэх юм бэ

Өмнөд Солонгост зорчих хүсэлтэй монголчууд тус улсын ЭСЯ-ны гадаа хонон өнжин дугаарлан байж виз мэдуүлдэг байсан цаг саяхан. Зарим нэг нь дугаараа худалддаг байсан нь ч үнэн. Харин Өмнөд Солонгосын ЭСЯ визний материал хүлээн авах ажлыг 2011 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн төлөөлөн гүйцэтгэх гурван байгууллагаар дамжуулан хүлээж авдаг болсон. Энэ гурван байгууллага виз хүсэгчдийн материалыг хүлээн аваад ЭСЯ- нд мэдүүлэх үүрэгтэй. ЭСЯ нь визний материал шалгах ажлыг дангаараа гүйцэтгэх ба ямар байгууллагаар дамжуулан виз мэдүүлэх нь визний хариуд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүйг амлаж байсан.

Өмнөд Солонгосын ЭСЯ виз хүсэгчдэд урилгатай, урилгагүйгээс нь хамаарч сүүлчийн зургаан сарын турш 500 болон 700 мянгаас дээш төгрөгийн цалин авсан, аль алинд нь нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавьдаг. Энэ шаардлагыг хангаагүй хүн урилгатай, урилгагүйгээсээ хамаарч долоо болон 10 сая төгрөгийг ЭСЯ-ны дансанд барьцаа маягтай байршуулах шаардлагатай "байдаг.

Харин хамаатны эгч маань нэг ойтой хүүхдээ асарч гэртээ суудаг тул сүүлийн жил гаруйн хугадаанд хөдөлмөр эрхэлж, ЭСЯ- ныхны шаардаад байгаа хэмжээний цалинг авч, нийгмийн даатгал төлж чадаагүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулиар амаржсан эх хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ асарч болох тухай заасан ч үүнийг Өмнөд Солонгосын ЭСЯ үл тоодог аж. Тэд "Монгол Улсын хууль дүрэм хамаагүй. Бид өөрсдийн дотоод журмаараа зохицуулна" хэмээн хариулсан байна.

Тус улсад дөрвөөс дээш удаа саадгүй зорчсон иргэдэд олон удаагийн виз олгодог үе байсан. Харин үүнийг хөнгөрүүлж, дөрөв биш гурван удаа саадгүй зорчсон иргэнд энэхүү эрхийг эдлүүлэх болсноо ЭСЯ-наас сүр дуулиантайхан мэдээлж монголчуудад буян болж буй аятай байсан нь саяхан.

Өмнөд Солонгос руу олон удаа зорчсон эгчийгээ энэ үндэслэлээр хилийн дээс алхчихна гэж найдсан ч бас л болсонгүй. Тиймээс учрыг тодруулахад "Өмнөд Солонгост гурваас дээш удаа саадгүй зорчсон иргэдэд олон удаагийн виз олгоно" гэдэг нь яг нарийндаа бол 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн дотор гурван удаа ирж буцсан байх ёстой гэсэн үг юм билээ.

Cap бүр тодорхой хэмжээний цалин авч, нийгмийн даатгал төлдөг хүн Өмнөд Солонгосын хилээр нэвтрэх эрхтэй юм бол тэтгэвэрт гарсан ахмадууд яах вэ гэсэн асуулт бас гарч ирнэ. Журмандаа "55-аас дээш насны хүмүүс барьцаа мөнгө байршуулах шаардлагагүй" гэдэг ч тэднээс хадгаламжийн дансны хуулга нэхдэг. Хадгаламжтай нь хэд, хадгаламжгүй нь хэд билээ. Хадгаламжгүй нэг нь ямар юмныхаа хуулгыг өгөх вэ, энэ нь шаардсан материал дутуу бүрдүүлсэнд тооцогдож, виз гарахгүй байх нэг үндэслэл болдог нь харамсалтай. Хөгшин тэд хүний газар юу л хийв гэж. Эмчлүүлэх гэж, эсвэл үр хүүхдийнхээ урилгаар газар үзэхийг хүссэн л хүмүүс.

Өнгөрсөн оны есдүгээр сард юм даг. Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ баг Инчонь хотод болох Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд оролцохоор болж, виз хүсэхээр төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хандаж байхтай таарсан юм. Бяцхан тамирчдын эцэг эхчүүд өөрийн биеэр нэг үгээр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж, иргэний үнэмлэх, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, цагдаагийн газрын тодорхойлолт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гэрээ гээд бүхий л зүйлээ авч очсон байсан. Эцэг эхийнх нь хэн нэгэн нь гадаадад, эсвэл өвчтэй зовлонтой байсан бол бяцхан хүүгийн олон улсын тэмцээнд оролцох мөрөөдөл биелэхгүй л байсан болов уу. Хүний амьдрал юм хойно зарим хүүхдийн элэг нь хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн. Гэтэл тэдний нас барсны лавлагааг хүртэл нэхэж байна билээ.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар буюу одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын даргын урилгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-24- нд тус улсад ажлын айлчлал хийсэн.

Энэ үеэр Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахыг болиулах, визийн хүсэлтийг 14-21 хоногт шийддэг хугацааг богиносгох, холбогдох ЭСЯ- наас виз авсан иргэдийг зарим тохиолдолд онгоцны буудлаас буцаахыг зогсоох, БНСУ- ын тал виз олгохдоо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж иргэдэд визийг нааштайгаар шийдэж байх зэрэг асуудлыг тавьж, нөгөө тал сайтар судлан ойрын хугацаанд шийдвэрлэн хариу өгөхөө амалж байсан ч одоог хүртэл таг чиг.

Басхүү УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард тус улсад албан ёсоор айлчилсан. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэд нь бараалхаж, Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийсэн. Энэ үеэр жилд Монголын 120 мянга орчим иргэн Өмнөд Солонгост зорчдогийг өгүүлж, цаашид визийн нөхцөлийг хөнгөлөх талаар анхаарахыг хүсч, Монгол дахь ЭСЯ- наас монгол иргэдэд виз өгөхийн тулд 7-14 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаарддаг асуудлыг айлчлалын хүрээнд хөндсөн. Үүний хариуд "Монгол иргэдийн визний асуудлаар Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам тодорхой ажлууд хийж байгаа" гэсэн ч өдгөөг хүртэл тодорхой шийдвэр гараагүй л байна.

Монголчууд бид Өмнөд Солонгост зорчих виз хүсэхийн тулд 10 гаруй бичиг баримт бүрдүүлж, ажлын долоо хоног чих тавин хүлээдэг. Харин солонгосчууд манай улсад зорчихын тулд гуравхан бичиг баримт бүрдүүлж, виз нь гурав хоногийн дотор гардаг юм билээ. Монголын виз "хямдхан" байгааг бодмоор л санагдсан. Тэгээд ч сүүлийн үед монголчууд Солонгос явж хар ажил хийе гэхээ бараг л больсон. Тэнд ажиллахын тулд өнжин хонон дугаарлаж, байгаагаа зарж барьцаа болгон зүтгээд байдгаа ч больсон.

Харин эмнэлэгт үзүүлэх, аялж зугаалах, сургуульд сурахаар, бас бараа дарж ирээд наймаа хийхээр явдаг болсныг энд суугаа ЭСЯ- ныхан мэддэггүй, мэдэрдэггүй хэвээрээ юм билээ. Тийм болохоор л хандсан бүгдийг хар ажил хайхаар явах гэж буй гуйлгачин мэтээр хардаг бололтой. Манай дарга нар ч гэсэн монголчуудад виз олгодог нөхцөлөө хөнгөлөөч гэж гуйж гувшихын оронд энд ирж баяжиж хөлжих гэдэг хангуг нөхдөд хатуухан ханддаг журамтай болчихвол яасан юм бэ.

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.207) 2014-05-29 13:38
      • 0
      • 0

      Солонгос улсын бодлого биш байхаа. Энд л нугалаа гаргадаг байх. Адилхан л энд ирж байгаа Со нарыг чангалаач дээ. тэгээд л болоо ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.13) 2014-05-29 12:28
      • 0
      • 0

      Yun 3 honog hedhen minutand l Mgl yvah viziig zugeer l daraad ogchihdog yma

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.6) 2014-05-29 12:27
      • 0
      • 0

      Solongos hunii viziig Seould manai elchingees olgodoggui.Solongosiin negen baiguullagaas olgodog.Ooroor helvel Mgl ulsruu zorchih Solongos irgend solongos hun Mgl ulsruu zorchih viziig olgodog shu de.10minutand l viz daraad ogchihdog ym bn le.3 honog bish shu.Asuugaarai

      Хариулах