
Өнгөрсөн бямба гарагт Испанийн нийслэл Мадрид болон зарим бүс нутгуудад их хэмжээний цас орж, авто зам, замын байгууламжууд цасанд боогджээ. Түүнчлэн цаг агаарын уг үзэгдлийн улмаас 4 хүн нас баржээ.
Аврагчид болон цэргийн албан хаагчид 700 гаруй замын цасыг цэвэрлэж, цасанд боогдсон 1500 жолоочийн аюулгүй байдлыг хангаад байна. Мөн зам дээрх цас хайлж, мөс болон хувирахаас өмнө цасыг яаралтай цэвэрлэхээр ажиллаж байгаа аж. Ус цаг уурын албанаас мэдээлснээр Мадридад болон зарим бүс нутгуудад 50 см орчим зузаан хур тунадас орсон ба эрх баригчдын зүгээс иргэдийг аль болох автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байгаа аж.
Автомашинаар зорчих зайлшгүй тохиолдолд иргэдийг машины дугуйнд хийх гинжтэй явахыг зөвлөжээ. Нөгөөтэйгүүр Мадрид хотын иргэд их хэмжээний цас орсон явдлыг эергээр хүлээн авчээ. Хотын оршин суугчид цасаар тоглож, гудамжинд цана чаргаар гулгаж цагийг зугаатай өнгөрүүлсэн байна.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.