Украинд байлдаж буй цэргүүдээс ОХУ-ын ирээдүй шалтгаална гэв

Twitter Print
2023 оны 05-р сар 10-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москвад болсон Ялалтын баярын парадын үеэр хэлсэн үгэндээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын ирээдүй Украинд байлдаж буй цэргүүдээс шалтгаална хэмээн онцолжээ. Тэрээр тэдгээр цэргүүдэд хандан, "Хамгийн чухал нь та бүхний хичээл зүтгэл юм." хэмээн мэдэгджээ.

В. Путин Украин руу довтолсон явдлыг "барууны глобалист элитүүд"-ийн өдөөн хатгалттай холбоотой хэмээн тайлбарласан байна. Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон дэлбэрэлтүүд, хорлон сүйтгэх ажиллагаа зэргээс болж олон нийтэд хаалттай болж өнгөрсөн энэ жилийн Ялалтын парадад зөвхөн албаны хүмүүс, ахмад дайчид оролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Кремль дроны халдлагад өртсөн ба оросууд үүнийг Ерөнхийлөгч В. Путиныг хөнөөх оролдлого байсан, уг халдлагын ард Киев, Вашингтон хоёр байгаа гэж буруутгасан билээ.

Украинд байлдаж байгаа цэргүүдэд хандан Ерөнхийлөгч В. Путин, "Өнөөдөр эх орон, ард иргэдийн чинь аюулгүй байдал, ирээдүй та бүхнээс шалтгаална." хэмээн мэдэгджээ.

Энэ жилийн Ялалтын парадад өмнөх жилүүдийнхээс цөөн цэргүүп оролцсоноос гадна Улаан талбай дээгүүр явсан цэргийн машин, техникуудын тоо ч цөөн байв. Агаарын үзүүлбэр, орчин үеийн танкнууд байхгүй байсантай холбоотой парадын үргэлжлэх хугацаа ч багассан байна.

Нөгөө талаас 2020 оноос хойш анх удаа Оросын Ялалтын парадад гадаадын олон тооны зочид төлөөлөгчид оролцсоны дотор Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Беларусийн тэргүүн Александр Лукашенко, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны төрийн тэргүүн Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Ммрзиёев нар багтжээ.

В. Путины хэлснээр Барууны улс орнууд ОХУ-ыг унагах зорилт тавьсан хэмээн, Украинд явуулж буй дайныг нацист Германы эсрэг хийсэн дайнтай зүйрлэжээ. Түүний хэлж байгаагаар ОХУ "энх тайвныг" хүсэж байгаа ч Барууны орнууд "Орос орныг үзэн ядах" үр тарьж, гэр бүлийн үнэ цэнийг устгасаар байгаа аж. Ялалтын парадын үеэр хэлсэн үгэндээ В. Путин голчлон Украинд байлдаж буй цэргүүдээ онцолж байсан ба үгээ "Оросын төлөө, Оросын Зэвсэгт хүчний төлөө!" хэмээн төгсгөжээ.

Москвад болсон Ялалтын парадын дараахан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Европын Холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дэр Ляйен нар хэвлэлийн бага хурал зарласан байна.

Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдээлснээр Оросын арми цэрэг болон төрийн удирдлагууддаа Ялалтын баяраар тулааны талбарт амжилт гаргасан гэж үзүүлэхийг хичээж, Украины эсрэг цохилт сүүлийн долоо хоногуудад эрчимжүүлсэн ч оросууд одоог хүртэл Бахмут хотыг эзэлж чадаагүй аж.

Урсула фон дэр Ляйен Оросын арми хоригдлуудаар эгнээгээ сэлбэсэн нь ОХУ тулаанд амжилт олохгүй байгаагийн нэг шалтгаан хэмээн мэдэгджээ. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Европын холбоо В. Путины хэлсэн үгнээс айх шаардлагагүй болохыг онцолж, "Бүгдээрээ тууштай байж, Украинд үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлсээр байя." хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.