Аз жаргалаа чимээгүй эдэл

Twitter Print
2022 оны 08-р сар 22-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Аз жаргалаа чимээгүй эдэл.

Би энэ зарчимыг тархиндаа суулгасан юм. Бусдад хор учруулдаггүй, бусдаас хол тасардаггүй, бусдын хөлд нь тээглэдэггүй, бусадтай яг ижил баярлаж, гуних сэтгэлтэй жир нэгэн.

Өвөл хагалгаанд орж маш их өвдөхөд өвчингүй нэг хоночих юмсан гэж айхтар хүссэн юм. Өвдөлт бага багаар арилж цонхоор хатсан хар мөчир харж хэвтэхдээ өндийж босоод цонхоор дор яваа хүмүүсийг харах юмсан гэж бас бодсон.

Гэртэй маань тун ойрхон цэцэрлэгийн хүүхдүүд үд хэрд хэсэг нарлах үеэр хаалгаар гарч ирүүтээ хашгиран инээсээр буцан орон ортлоо хашгирсаар байх нэгэн адтай охиныг харахсан, яагаад ингэтэл хашгиран инээдэг юм бол гэж бодон өдрийг бардагсан.

Хэн ч биш байсаар үхсэн ч үлдээх гэж хэрэгтэй хэрэггүйг бичиж, өөр хэн нэгний дууг, хүүхдийн хашгирааныг, бас модонд хэрхэн ургах найлзуурыг харах ямар их үнэ цэнэтэйг тэгэхэд туйлаас мэдэрсэн.

Орчлонгийн нам жим, өөрийн аз жаргал гэж боддог бүхнээ болж өгвөл алив сайхантай хослуулж, амтыг нь чимээгүйхэн амсаж явах миний хувьд яасан эрхэм гээч.

Тэр аз жаргалыг амьд явахдаа эдлэх ёстой ч аз жаргал үхсний дараа ч байж л байдаг болов уу.

Үхнэ гэдэг төрөхөөс өмнө байсан тэр ертөнцдөө эргэн очихыг л хэлдэг. Тийм учраас амьддаа ч үхэхдээ ч аз жаргалаа чимээ шуугиангүй эдлэчих санаатай явдаг болчихсон.

Хорвоод ирсэн зорилгоо биелүүлж, цаашид ч хийх гэснээ сүр дуулиангүй хийчихээд орчлон хорвоогоос нэг их сайхнаар анирлаж одно гэж боддог бодол бүхэндээ талархдаг.

Хүмүүн махбод нь огт өвддөггүй, эрүүл энх, цэвэр дардан явах ёстой гэсэн онол нь туйлын зохимжгүй юм.

Хэр алдаа мадгаа засч залруулав, хэр өнгөлөн далдлалт хийж сурав, хэрхэн оюун бодлоо зөв бөгөөд энгийн залж байнав гэдгээс харагдах өнгө боловуу.

Хүмүүний ухамсар дотор хэмжээнээсээ хамаарч бусдыг үгүйсгэх үзэл, бусдаас илүүрхэх баярхал, дорой буурайдаа гутрах гэмшил, шаралхуу, хараал зүхэл байсаар л байсан.

Түүнийг ямар үед яаж илэрхийлдгээс болж хүний үзэл бодол үнэн төрх харагддаг ч өөрт олдох жаахан аз жаргалыг бусадтайгаа баяр хөөр дуу шуугиантай хуваалцаж чадахгүй бол чимээгүйхэн эдлэх ёстойгоо ухаарч л явна.

"Даруу төлөв байгтун. Чиний талаархи юм бүхнийг толгойтой бүхэн мэдэх албагүй."

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.