Ё.Оюун: Магадгүй дараагийн туг тахих хүн миний нөхөр ч юм бил үү. Үнэхээр айж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 27-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид “Тэнгри” холдингийн захирал Х.Анхбаярыг бараг арван сар гаруй хугацаанд саатуулжээ. Гэтэл сүүлийн үед түүний бие эрс муудаж, нуруун дээр нь хавдар үүссэн байна. Тиймээс III шатлалын эмнэлэгт нэн даруй шинжилгээ өгч, эмчилгээ хийлгүүлэх хүсэлтээ түүний өмгөөлөгч болон эхнэр Ё.Оюун нар удаа дараа ШШГЕГ, АТГ, прокурорт уламжилсан нь тусыг эс олж өнөөдөртэй золгожээ. Энэ талаар Х.Анхбаярын эхнэр Ё.Оюунтай ярилцлаа.

-Таны нөхрийн бие эрс муудаж, нуруун дээр нь хавдрын шинж тэмдэг илэрсэн гэж дуулсан. Хамгийн сүүлд хэзээ түүнтэй уулзсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон анхан шатны шүүх хурлын үеэр харлаа. Үнэхээр их ядарсан харагдаж байсан. Миний ханийг саатуулагдсанаасаа хойш гурван хорих анги дамжуулсан. Анх Төв аймаг дахь саатуулах газар хоёр сар, дараа нь Зүүнхараагийн хорих ангид бас хоёр сар, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид өдийг хүртэл саатууллаа. Энэ хооронд миний нөхөр 20 гаруй килограмм турсан. Турах шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа. Шоронгийн нөхцөлд хэн турдаггүй байлаа гэх ч хүн таарсан. Гэхдээ 20 гаруй килограмм турна гэдэг нь тураалын эхний шат. Бараг тураалын хоёрдугаар шат руу орсон гэсэн үг гэж эмч хэлж байна билээ.
-Нуруун дээр нь хоёр хавдрын шинж илэрсэн гэсэн. Тэр нь гайгүй юу. Зовиурлаж байна гэж байсан. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн хүсэлтийг олон удаа өгсөн гэсэн. Өнөөдрийг болтол хүлээж авахгүй байх шалтгааныг холбогдох байгуул­лага юу гэж тайлбарлах юм бэ?

-Бодит байдлаас тасарсан зүйл юм билээ. Олон удаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж өгнө үү гэж хандаж байсан. Хоригдсон өдрөөс нь эхлээд л энэ хүний эрүүл мэнд тааруу байна гэдгийг уламжилсан. Гэвч өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэнгүй. Миний нөхрийн нуруун дээр хоёр хавдар гарчихсан шаналж сууна. Юу нь мэдэгдэхгүй, өвчтэй гэж жигтэйхэн гэсэн, тэр хавдар нь. Хавдар тоглоом биш. Ямар ч тэнэг хүн ч үүнийг ойлгоно доо. Гэвч хорихынхон хүнийг гэдэггүй юм байна. Үнэхээр гомдох юм. Уг нь нүдэн дээр нь сэжигтний бие дордож байхад яагаад эмнэлгийн тусламж үзүүлж болохгүй гэж. Нуруун дээр нь юу нь мэдэгдэхгүй зүйл гарчихаад шаналж байгаа хүнд шинжилгээ хийлгэх хугацаа өгч болно оо доо, уг нь. Гэвч ингээд үх гэж байгаатай агаар нэгэн адил хорихынхон аяглаж байна. Магадгүй дараагийн туг тахих хүн миний нөхөр ч юм бил үү. Үнэхээр айж байна.

-Таны нөхрөөр хэн, яагаад туг тахина гэж. 

-Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг даа. Хийгээгүй хэргийнх нь төлөө өдий олон сар шоронд суулгасан хүмүүс ямар нэг хэрэг үүрүүлж байж сална шүү дээ. Яг хэн гэдэг хүн миний нөхрийг цааш явуулах гээд байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ нэг л үнэн бий. Миний нөхөр Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон уу, оролцсон. Магадгүй манай бизнесийг булаах гэсэн сэдэлтэй хүн байхыг үгүйсгэхгүй.

-Хэрэг нь нотлогдоогүй байхад хориод байна гэдэг “асуудал” шүү. Хэрэг яаж шийдвэрлэгдэх төлөвтэй байна вэ?

-Яаж шийдвэрлэхийг ойлгохгүй байна. Нэг л их Эрүүгийн хууль, зүйл анги хэлээд л энэ хүнийг байлгаад байдаг.

-Ингэхэд танай нөхрийг анх ямар зүйл ангиар мөрдөн байцааж эхэлж байсан юм бэ. Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглээд байсан санагдана. Замын дундаас дахин өөр зүйл анги нэмэгдэж байцаах болсон гэж байсан. 

-Мөнгө угаасан гэдэг чинь бохир мөнгө оруулж ирээд ямар нэгэн байдлаар түүнийг бизнест оруулаад буцаад гаргана гэж би ойлгож байгаа. Манай хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн мөнгө нэг данснаас нөгөө данс руу шилжиж орж байсан. Тэгэхээр тэр мөнгө бүртгэлтэй гэсэн үг. Манай хөрөнгө оруулагчид дэлхий дахинд нэр хүндтэй байгууллагууд байдаг. Тэр хүмүүсийн мөнгийг бохир гэж хэлж байгаатай ялгаагүй юм. Манай нөхрийг анх Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар баривчилсан байдаг. Нэг нь мөнгө угаасан. Нөгөө нь кадастрын албаны дарга нартай хуйвалдаж цуцлах гэж байсан газрын лицензийг цуцлуулахгүй авч үлдсэн гэсэн үндэслэлээр байцааж эхэлсэн. Улмаар гүйцэтгэх ажиллагааны үеэр олон материал цугларсан учир саатуулах арга хэмжээ авна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, хорьсон.

-Холбогдох газруудын гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материалтай та болон нөхрийн тань өмгөөлөгч танилцаж үзсэн үү. Тэнд чухам ямар материал цугларсан байна вэ?

-Гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материалтай танилцахыг прокурорт удаа дараа уламжилж, хүсэлт гаргасан. Гэвч прокурор тийм материал байхгүй гэдэг. Шүүхэд Х.Анхбаярын гэгдэх хавтаст хэрэг шилжиж ирэхэд ямар нэг гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материал ирээгүй болдог. Тэгэхээр миний нөхрийг гүйцэтгэх ажиллагааны материал дээр үндэслэж саатууллаа гэдэг нь худал болж таарсан.

-Кадастрын албаны дарга нарт мөнгө өгч цуцлагдах гэж байсан газрын лицензийг цуцлуулалгүй авч үлдсэн гэх хэргээр байцаасан гэлээ. Бас л илрээгүй биз дээ. 

-Хэн гэдэг даргад хэдэн төгрөг өгч цуцлагдах гэж байсан газрын лицензийг цуцлуулалгүй авч үлдсэн нь бас тодорхойгүй. Прокуророос ч энэ тухай асууж үзсэн. Ямар нэг даргын нэрийг хэлдэггүй. Үүнийг юу гэж ойлгох вэ. Тэгтэл анх үүсгэсэн хэрэг нь яваандаа тусгаарлаж дахин зүйл анги гаргаж ирсэн. Нэгдүгээрт, авлига өгсөн. Нөгөө хүн авлига авсан. Хоёрдугаарт, улсад татвар төлөөгүй гэдэг зүйл ангиар шалгаж эхэлсэн. Энэ үүсгэсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад батлагдаагүй. Авлига өгсөн, авсан гэх хэрэгт дөрвөн хүн холбогдсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан талийгаач Д.Амарсайхан, миний нөхөр, Р.Чандмань нарыг хорьж байцаасан. Харин Н.Отгонболдыг гадуур байцаасан. Н.Отгонболд нь дамжуулагч хийсэн, Р.Чандмань нь халхавч болсон, миний нөхөр авлига өгсөн, талийгаач Д.Амарсайхан авлига авсан гэдгээр мөрдөн байцаалт явуулсан. Гэтэл дээрх нэр бүхий хүмүүс энэ төрлийн хэрэг үйлдсэн гэх нэг ч баримт олдоогүй, нотлогдоогүй. Тэгсэн атлаа эдгээр хүмүүсийг хорьсоор эцэст нэг хүний алтан амь эрсдлээ.

-Нотлогдоогүй хэргийн төлөө хоригдох нь хүний эрх зөрчигдсөн болно. Энэ бүхнийг холбогдох байгууллага нь юу гэж тайлбарлаж байх юм.

-Хамгийн сүүлд цагдан хорих хугацааг сунгах тайлбарт “Бодит байдлыг нотлоход саад болж болзошгүй” гэсэн тайлбараар сунгасан. Гэтэл хавтаст хэрэгтэй бүх өмгөөлөгч танилцаад бүх зүйл нээлттэй болчихсон байхад Х.Анхбаяр гэдэг хүн яагаад мөрдөн байцаалт болон бусад арга хэмжээнд саад учруулна гэж. Миний нөхрийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаад бараг арав гаруй хонож байна. Өмгөөлөгч хүртэл энэ тухай хэлсэн ч тусыг эс олсон. Надад энэ хэрэг гэгдэх зүйлийг ойлгоход бэрх байна.

-Талийгаач Д.Амарсайханы хэрэгт ямар холбоотой юм бэ?

-Талийгаач Д.Амарсайхан 50 сая ам.доллартай ямар ч хамаагүй юм шиг байна билээ. Энэ хэргээс нь болж хорьсон гэж ярьдаг ч нотлогдоогүй гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тэгэхдээ хэрэг нь хүлээгдээд байж байгаа. Дээрч хүмүүс 50 сая ам.долларын асуудалтай ямар ч хамаагүй. Гэтэл хамсаатнууд л гэж яриад байгаа.

-Яагаад шүүх хурлыг хамт хийсэн юм бэ?

-Авлига өгсөн, авсан үндэслэлээр шүүх хурлыг нэг явуулж байна. Авлига авсан гэдэг нь нотлогдоогүй.

-Таны хувьд нөхрөө хоригдсоноос хойш ар гэрийн асуудлыг шийдэх гэж бишгүй дээ зүдэрч байгаа. Ар гэрийн амьдрал ямар байна даа.

-Бид хоёр гурван хүүхэдтэй. Ямар ч байсан ханийгаа гарч ирэхэд гурван хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй шиг байлгах болно. Дээр нь миний ханийн нэр дээр байдаг компани байна. Анх ханийгаа гарч иртэл үйл ажиллагааг нь тасалдуулахгүй шиг ажиллуулна гэж боддог байлаа. Сүүлдээ арга барагддаг юм байна. Эхнээсээ үүдээ бариад эхэлсэн. Компани үүдээ барих нэг хэрэг. Ард нь байгаа олон хүн ажилгүй болж байна гэж бодохоор сэтгэл өвдөх юм. Бид өчигдөр компани байгуулаад өнөөдөр нурааж байгаа хүмүүс биш. Миний ханийн 20 гаруй жил зүтгэсэн хөдөлмөр арав гаруй сарын дотор нурж байна. 70 гаруй залуу ажиллаж байлаа. Тэд бас л ажилгүйчүүдийн эгнээнд нэгдлээ. Өнөөдөр нэг л компанийг нь ажиллуулж байна. Долоон ажилтантай. Тэдний цалин хөлсийг хэрхэн, яаж тавих вэ гэж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж сууна. Гэхдээ ямар ч байсан ханийгаа гарч ирэхэд нэг ч гэсэн компанийг нь ажиллуулаад суух юмсан гэж бодох юм. Ер нь Х.Анхбаяр гэдэг хүнийг нэг мөсөн эвдэж, ар гэр, ажил төрөл нь сүйрэхэд бэлэн байна. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад Монгол Улсын сайн сайхны төлөө юм хийе, бүтээе гэсэн үндэсний хөрөнгө оруулагчдыг нурааж, мохоож байгаа юм бэ.

М.АРИУНТУУЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.11.192.34) 2014-05-28 14:28
      • 0
      • 0

      Харамсалтай юмаа. Дахиад 1 иргэнээ шоронд амь үрэгдэхийг нь хармааргүй байна.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.115) 2014-05-27 21:17
      • 0
      • 0

      Haramsaltai yumaa germand baihdaa chadwartai zaluu, az jargaltai saihan ger bulteigee haluun dulaan amidardag baisan sayhan shuu de!

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.4) 2014-05-27 21:07
      • 0
      • 0

      Сэтгэлийн тэвчээртэй байгаарай. Vнэн ялж, танай гэр бvл элэг бvтэн амьдрах цаг удахгvй ирээсэй гэж хvсье. Танай гэр бvлицн зовлонг хараад гадаадад суугаа олон монгол хvн ирэхгvй дээ гэж бодож байгаа байх даа. Харамсалтай.

      Хариулах

    • Шоогоо

      (202.179.11.58) 2014-05-27 20:17
      • 0
      • 0

      МАН-ынхны гар хөл оролцсон хэрэгт цагдаа шүүх прокурор атг хамаагүй ээ. Өмнөх хүнийг ч с баярын гар хөл нухсан

      Хариулах

    • Зочинхахах

      (112.72.13.38) 2014-05-27 19:34
      • 0
      • 0

      за дүү минь тэвчээртэй байхад учиртай , миний боддолоор танай нөхөрыг их л дээрээс шидсэн чулуу онсон гэдэг шүү. амьд явхад л учиртай , сэтгэлын хаттай байна шүү. Гэхдээ монгол хүн бүр муу улс биш , бидэн дотор зарим үл бүтэх юумнууд байдаг шүү, болгоомжтой бай........

      Хариулах