
Коронавирусын цар тахал эхэлснээс хойш 6.7 сая хүүхэд коронавирусын халдварын улмаас эцэг эсвэл эхээ алдаж өнчирсөн болохыг судлаачид тогтоожээ. Судлаачид үүнийг "далд цар тахал" хэмээн тодорхойлж байна.
The Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд харвал эрдэмтэд коронавирусын цар тахал эхэлснээс хойш 2021 оны 10-р сар хүртэлх хугацаанд 5.2 сая гаруй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь коронавирусын халдварын улмаас нас барсан болохыг тогтоожээ.
Түүнээс хойш энэ үзүүлэлт тасралтгүй өссөөр байгааг судлаачид онцолжээ. Судалгааг удирдсан Оксфордын их сургуулийн ахлах судлаач Сьюзан Хилл "Биднийг энэ судалгааг хийж эхлэх үед дэлхий дээр 140 сая орчим бүтэн болон хагас өнчин хүүхэд байсан. Энэ нь жилд дунджаар 8 сая хүүхэд өнчирдөг гэсэн үг юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд өнчирч буй хүүхдүүдийн тоо 30 орчим хувиар нэмэгдсэнийг бид тогтоосон." гэлээ.
Түүнчлэн коронавирусын цар тахлын үеэр эцэг эхээ алдсан хүүхдүүдийн тоо үүнээс ч өндөр байх магадлалтай бөгөөд энэ нь Африийн улс орнуудад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо албан ёсоор мэдээлсэн тооноосоо 10 дахин өндөр байх магадлалтай гэдгийг онцолжээ.
Судалгаанд коронавирусын халдвараас гадна цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан иргэдийн тоог мөн тооцсон аж.
Коронавирусын цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар нийт 5.9 сая гаруй хүн коронавирусын халдварын улмаас нас бараад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn