
Мөнх цаст мөсөн дуулгат Отгонтэнгэр Очирваань хайрханыг хүрээлэн олон төрлийн булаг, шанд, халуун хүйтэн рашаан, нуур байх бөгөөд түүний нэг нь 2000 орчим метрийн өндөрт Очирваань хайрханы өвөр бэлд өвөрмөц тогтоцтой Бадархундага нуур мөнгөн аяга мэт үзэгдэн, мэлтэлзэн харагдаж олон зууны турш олны анхаарлыг татаж ирснээрээ нэн сонирхолтой.
Нуурын ойр орчимд мөнх ногоон арц, вансэмбрүү, ванжингарав,юмдүүжин, алтангагнуур, дэгд, чихэр өвс, шархны шар цэцэг зэрэг олон тооны эмийн ургамал ургана.
Бадархундага нууртай Энэтхэгийн Ганга мөрөн газар доогуураа хүйн холбоотой гэж эртний ном сударт тэмдэглэгдсэн нь бий.
Нуурыг зорин ирсэн сүсэгтэн олон Бадархундага нуурын усыг рашаан хэмээн хүртэж нууранд алт, мөнгөөр урласан эдлэл, цалин цагаан мөнгөн ембүү, мөнгөн аяга хадагт ороон өргөдөг эртний уламжлалтай.
Домогт өгүүлснээр хэрэв нуур өргөлийг хүлээн авбал тухайн хүний хүсэл биелж, өргөснөөсөө хэд дахин ихийг эргүүлэн авдаг, харин нүгэл хилэнц ихтэй хүний өргөл ембүү живдэггүй гэх ба энэ нь Очирваань бурхан таалахгүй байгааг илтгэдэг ажээ.
Мөн намар орой Бадархундага нуураас цэнхэр адуу гарч ирэн янцгаадаг тухай домог мэт зүйлийг нутгийн иргэд ярьцгаадаг.
Ерөөс Бадархундага нуурын уснаас хүртэхэд сүү шиг зөөлөн амт, ам дүүрэн тархаад тагнайд мөнгө амтагдан хоолойруу мөнгөлөн урсах нь өнө эртнээс нааш энэ нууранд алт мөнгөн аяга тэргүүтэй мөнгөн эдлэлээ өргөсөөр ирсэн нь нуурыг цалин цагаан мөнгөний зөөлөн уусмал амттай рашаан ус болгосон тэр юм. Тиймээс ч цуцан цуцан очиод цул мөнгөн Бадархундага нуурын рашаан уснаас цангаагаа тайлан хүртэх аваас нүд нээгдэх шиг болж дотор уужран сэтгэл тэнийдэг гэцгээдэг ажээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.