
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэмэхээр шийдвэрлэжээ.
Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон байна. Харин Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгожээ. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.
2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.