Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Фердинанд Маркос Жүниор ХАА-н сайдаар давхар ажиллана

Twitter Print
2022 оны 07-р сар 01-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард Филиппинд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан 64 настай Фердинанд Маркос Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Филиппины 17 дахь Ерөнхийлөгчөөр томилогджээ.

Тангараг өргөх ёслол Филиппины нийслэл Манила дахь Үндэсний музейд болсон ба ёслолд түүний гэр бүл, ойр дотныхон, зочид төлөөлөгчид оролцсон байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байгаатай холбоотойгоор нийслэл Манилад цагдаагийн албан хаагчид, цэргүүд, эргийн хамгаалалтынхан гээд бүгд 15 мянган албан хаагчид хамгаалалтанд гарчээ.

Филиппинд коронавирусын цар тахалтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засаг нь уналтанд ороод байгаа билээ.

Тэгвэл шинэ Ерөнхийлөгч Ф. Маркос инфляцитай тэмцэж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдлыг нэн тэргүүний зорилтоо болгоно хэмээн амлажээ.

Түүнээс гадна тэрээр өөрийгөө давхар Хөдөө аж ахуйн сайдаар томилжээ.

Филиппины дарангуйлагч агсан Фердинанд Маркосын хүү Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фердинанд Маркос Жүниор сонгуулийн кампанит ажлынхаа үеэр талийгаач эцгийгээ "улс төрийн гоц ухаантан", ээжийгээ "чадварлаг улстөрч" хэмээн тодорхойлж байсан юм.

Бонгбонг Маркос нэрээрээ олонд танигдсан Фердинанд Маркос Жүниорын аав Фердинанд Маркосыг 20-р зууны хамгийн харгис хэрцгий дарангуйлагчдын нэг гэж тодорхойлдог бөгөөд түүний удирдлага дор авлига, хээл хахууль, хүчирхийлэл хамгийн ихээр дэлгэрчээ. Тэрээр 1986 онд Ардын Хүчний Хувьсгалаар төрийн эрхээс бууж, гэр бүлийн хамтаар Хавай руу дүрвэсэн юм.

Маркосын гэр бүл 1990-ээд онд эх орондоо ирсэн ба тэр цагаас хойш улс төрийн байр сууриа сэргээхээр хэдэн арван жилийн турш оролдсоор сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээг үүндээ түлхүү ашиглажээ.

Маркосын гэр бүл Филиппины төрийн эрхийг атгаж байхдаа ойролцоогоор 10 тэрбум гаруй ам. доллар шамшигдуулсан гэж яригддаг ба Эмнэсти Интернэшнл байгууллагаас мэдээлснээр Фердинанд Маркосын 1972 онд зарласан цэргийн дэглэмийн үед цэргүүд 34 мянган хүнийг эрүүдэн шүүж, 3240 хүнийг хөнөөж, 70 мянган хүнийг баривчлан хорьсон аж.

Фердинанд Маркосын дэглэмийн хохирогчид Бонгбонг Маркос Филиппины Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хохирогчид хэзээ ч шударга ёсыг олж чадахгүй хэмээн үзэж байсан.

Цэргийн дэглэмийн үед хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох тухай хууль батлагдсан ч хохирогчид Маркосын гэр бүл Филиппины засгийн газраас хулгайлсан олон тэрбум доллараа буцааж өгөх ёстой гэж үздэг юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.