Коронагийн түгжээтэй хаалганы цаана

Twitter Print
2020 оны 04-р сар 14-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Өдрийн төгсгөлд яагаад ч юм гэнэт их бухимдал төрөв. Тийм шалтгаан байгаагүй зүгээр л ойрд үзэж харж бодож байгаа зүйлстэй холбоотой байх.

Сүүлийн хэд хоног 40-50 км газар гэр хорооллоор гудамж метрлэн нийгмийн амьдралыг ямар ч нэмэлт өнгөгүй нүцгэнээр нь ажиглаж явна. Хаа сайгүй согтуу тасарч унасан хүмүүс. Хийцгүйрч яахаа мэдэхээ больсон хүүхдүүд. Тэд нарт ядаж хөөрхий тоглоомын талбай ч байхгүй юм. Ерөнхийд нь дүгнэхэд хөл хорионд хүмүүс стресстэй байгаа түүнийгээ архиар тайлж байгаа эд зүйлсээ ломбард юуханд өгөөд орон байрны хавтгайрсан архидалт хийж байна, энэ их стресс архины халууны гарын шүүс нь хүүхдүүд болж, хүүхдүүдэд хамаг бухимдлаа хүчирхийлэл хэлбэрээр гаргаж байна.

Өмнө нь худлаа үнэн хичээлдээ яваад, энэ тэрүүгээр гүйгээд байдаг байсан бол одоо хаашаа ч үгүй болжээ. Энэ гэхдээ миний таавар биш юм, манай Ид шидийн орон төвийн хүүхэд хамгаалах байранд ачаалал огцом нэмэгдсэн, цагдаа дээр ч ялгаагүй, бид бүх үйл ажиллагаагаа зогсоогоод чадлаараа хүнээ хасаж цалингүй чөлөө зарласан ч хамгаалах байрнаас нэг ч хүн цомхотгоогүй. Одоо ачаалал бүр ихсэх төлөвтэй байна энэ бол сайн мэдээ биш юм. Зөвхөн миний авсан зурагнуудыг харсан ч хүчирхийлэл зүгээр гудманд нүдэн дээр ил явагдаж, илт ихсэж байна, гэтэл зураг аваагүй нүдээр харсан нь хэр их билээ дээ. Хавар цагт хүчингийн хэрэг огцом ихэсдэг та нар элдэв мэдээ харж л байгаа байлгүй.

Энэ хөл хорио ороо бусгаа үед хичнээн хүүхдүүдийн амьдрал, эрүүл мэнд, бие сэтгэлийн шарх золиосонд явах юм бүү мэд. Хүнтэй чангахан хэрэлдэхэд зүрх нь дэлсээд салганаад байдаг хүмүүс "Хүчин", хүчирхийлэл гэдэг мэдээг нэг бол скролдоод хурдхан харагдахгүй болгоно, эсвэл дөжирчихсөн яваа. Сонгууль юу юу ч билээ сенсаацнаас хамгийн чухал нь уул нь энэ сэдэв юм шүү. Энэ аймар ороо бусгаа тахал хорионы үр дагаврыг хүүхдүүд хамгийн хүндээр үүрнэ шүү. Өглөө оройны аль нэгэнд нь зодуулдаг хүчирхийлүүлдэг байсан хүүхдүүд өдөржин өдөр болгон амсах болно.

Шийдэл асууцгаая. Төр засаг масаг яриад ямар ч нэмэргүй. Ядаж, ядаж шүү хөрш айлаа л анхаар, битгий тоохгүй өнгөрөө, хараал идээд ч хамаагүй хэлж ярь, 108 107 102 удаа дараалан дууд, яг тэр гудмандаа л тэмц, сошиал дээр ярьж талбай дээр жагсаад нэмэр байхгүй, хүн бүр өөрийнхөө л орчинд хүүхдийг жаахан анхаарчих, энэ бол ШИЙДЭЛ шүү.

Хашааны завсраар нүд хальтирам төрх үзэгдэнэ, хананы цаана хаалгаа түгжээд юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Хэцүү үед хэн нэгнийг улам хэцүү болгоё гэсэнгүй, худлаа давс хужир нэмсэнгүй, өөрөө яваад харж байгаа учраас, өдөр бүр хараад байгаа учраас, яг энэ чиглэлийнх нь ажлыг хийдэг шийдэл дээр нь ажиллаж байгаа учраас уриалга маягаар сурвалжлага бичлээ. Та л өөрчилнө шүү ! Шинэ тахал холуур өнгөрөг, шивтэр үнэртсэн энэ ужиг тахлаасаа бид хэзээ салах вэ ?

Ч.Ганжавхлан

2020.04.12

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.