30 насыг дэмий БҮҮ өнгөрүүл!

Twitter Print
2022 оны 09-р сар 13-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

1️⃣Энэ номыг уншаад 30 насаа бүтээлч өнгөрөөх юм шүү гэж өөртөө амласан.

Гучин настай, гурван хүүхэдтэй ээж хүн энэхүү номыг бариад автал хоёр мэдрэмжинд дарагдав. Нэг нь амьдрал дөнгөж эхэлж байна хонгор минь! Залуу зандан насандаа алдсан ч босоод ирэх хангалттай цаг хугацаа бий гэх эрч хүч. Нөгөө нь энэ л хором мөчийг хэрэв юу ч хийлгүй, судалж сурч, туршиж, хийж өнгөрүүлэхгүй бол хожим хойно байсаар байтал ашиглаж чадаагүй цаг мөчийнхөө хойноос харамсах сэтгэлийн зах зухаас амталсанд байна.

30 насыг дэмий БҮҮ өнгөрүүл!

Ингээд хэлбэл хорьтонгууд, дөчтөнгүүдэд ад шоо болох байх л даа. Гэхдээ л 30 нас ба 40 насны хооронд асар том ялгаа байна. 40 гарсан хүмүүс ямар нэг зүйлдээ өөрчлөлт хийе хэмээвч 30 настангуудаас хоёр дахин их хөдөлмөр гаргах болдог. Хоёр дахин их цаг хугацаа, энерги шаардагдана. Жаахан эрт эхлэх минь яав даа” хэмээх нь бий. Мэдээж ямар ч насанд өөрчлөлт хийж болох боловч өөрчлөлтөд хамгийн гярхай, мэдрэг хандах нас бол 30 нас яалт ч үгүй мөн.

30 насанд гэр бүл, ажил, гэр орон, хүний харилцаа гэх мэт бүгд нэг тийш шийдэгдэх амьдралын том үе юм. Үнэхүү арван жилийг хэрхэн зөв зохиостой өнгөрүүлснээс шалтгаалж таны ирээдүйн амьдрал хэрхэх нь товлогдоно гэвэл буруудахгүй болов уу.

Дашрамд энэхүү ном 30 настай хүмүүст зориулагдсан хэдий ч 40 гарсан ээжүүдэд мөн тохиромжтой аж. Хүүхэд төрүүлсэн ээжүүд хүүхэдтэй болсон цагаасаа эхэлж нийгмийн амьдралаас даруй 10 гаруй жилээр хоцрогдох болдог. Хүүхдийн хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрсэн хойно өөрийнхөө ажил амьдралыг хартал юунаас яаж эхлүүлэхээ мэдэхээ больсон байх нь олонтаа. Амьдралын 90% нь 30 насанд шийдэгдэнэ.

Ном нийт таван бүлгийн дээр төгсгөл хэсэгтэй.

Эхний бүлэгт гучин насандаа бодлоо хэрхэн удирдах, оюун тархиа хэрэгтэй хэрэггүй мэдээллээс зайлуулах талаар, юунд түлхүү төвлөрөх тухай гэх мэт өөр лүү чиглэгдсэн сэдвийг өгүүлэх юм.

Тэгвэл хоёр дугаар бүлэгт хүмүүсийн харилцааны тухай хөндөнө. Дургүй хүнийхээ сайн талыг олж харах гээд хайран хамаг цагаа барахгүй байх, хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цагаа гурав дахин уртасгах, гучин насандаа хүмүүсийн харилцаа хөндийрөх, харилцаанд асуудал тулгарах тал дээр бээрэгнэхгүй явах нь амар гэх мэтийг дурдана.

Гурав дугаар бүлэгт ажлын тухай дэлгэрэнгүй зөвлөдөг. Ажлынхаа хажуугаар давхар орлого олох арга чарга юу байна. Гучин насандаа олон бизнессийг оролдож үзэх. Илтгэх ур чадвараа хөгжүүлэх. Энэ цаг үедээ чанараас илүү тоонд ач холбогдол өгөх чухал. Өөрийн дүрэм, баримтлах ёсыг энэ цаг үед олж авах талаар товч тодорхой бичсэн.

Дөрөвдүгээр бүлэгт бусдад нөлөөлөх хүчийг хуримтлуулах аргаас хуваалцаж ээ. Энэ насандаа бусдыг сонсох, бусадтай ярих, илтгэх чадвартаа анхаарал тавих. Архи мансууруулах төрлийн бодистой эвтэй харьцах ухаан энэ цагт суух учиртай. Бусдын баяраас хуваалцахаас илүү зовлонг хуваалцах сэтгэлийн цартай болох чухал.

Тавдугаар бүлэгт гучин насандаа төлөвшүүлбэл зохих дадлын талаар байх болно. “Жинхэнэ” мэдээллийг шүүрдэх чадварт анхаарах дадал, унших дадал гэх мэт чухам гучин настангууд ямар дадлыг суулгавал ирээдүй цэлмэх болоо?

Төгсгөл хэсэгт гучин настангууд энэ арван жилийг хэрхэн өнгөрүүлэх талаар тоймлох юм. “Эхлээд өөрийгөө баярлуулах”, “Эхлээд өөрөө” гэдэг бодол бүх хүмүүсийг аз жаргалтай болгодог болов уу? Үгүй дээ. Эхлээд “ТА”, “Чи л аз жаргалтай бол боллоо” хэмээх сэтгэхүйг үргэлж сэтгэл дотроо цэцэглүүлж явснаар тэр хүн ч, та ч давхар аз жаргалтай болдог.

2.“Өөрийгөө танилцуулаарай” гэхээр л хүмүүс “Эмч, багш, Анагаах ухааны оюутан, Довдонгийн хүү, хоёр охины ээж” гэж танилцуулдаг. Үүнээс өөр өөрийг тань илэрхийлэх, таныг тодорхойлох зүйл үнэхээр байхгүй юу?

Гучин насандаа бид юуны түрүүнд өөрийгөө эвтэйхэн танилцуулж сурах нэн шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрийн одоо байгаа газраа сайтар ухамсарлах цаг үедээ ирсэн. Бүр тодруулбал өөрийгөө таних юм. Яагаад өөрийгөө таних, одоо байгаа газраа тодорхойлох чухал вэ гэвэл үүнийгээ ухаарч амжаагүй хүн хаашаа ч хөдлөх боломжгүй болдог.

Японд Баянбүрдэд хүрч чадаагүй нэгэн хөвгүүний домог яриа бий. ( Баянбүрд гэж говь газар байх устай, өвс ургамал жигдэрсэн хэсэг газрыг хэлнэ) Хөвгүүн нар төөнөсөн элсэн цөлд баянбүрдийг хайн харангатан алхаж явтал нэгэн өвгөнтэй таарчээ. Өвгөнд учир явдлаа тайлбарлаад зам асуутал ашгүй өвгөн баянбүрдэд хүрэх замыг зааж, мөн амны нь цангааг тайлах ус хүүд өгөв. Хүү баярлан цааш явдаг боловч эцэст нь баянбүрдээ олж чаддаггүй. Энэхүү богино үлгэр ердөө ганц л зүйлийг бидэнд хэлэхийг хүсч ээ. Тэр бол одоо байгаа газраа тодорхойлох. Та хаана ч байсан болно. Юу ч хийдэг байж болно. Гагцхүү үнэн бодитоор тооцон тодорхойлох чухал аж.

Өөрийгөө танихын төлөөх хамгийн шилдэг арга бол бичих юм. Бичих бичихдээ электрон хэрэгсэл ашиглалгүй өөрийн гараараа үзэг атгаад цаасан дээр бичих. Үзэг, харандаа хөдөлгөн бичихэд тархинд хэд дахин илүү ачаалал өгч танаас оюуны хөдөлмөр шаардана. Илүү гүнзгий бодох юм. Өөр нэгэн номд үзгээр бус харин харандаагаар бичихийг зөвлөснийг уншиж байж билээ. Юутай ч бид бичих дадлыг зайлшгүй суулгах хэрэгтэй санагдах болсон. За тэгвэл, юуны тухай бичих вэ?

Би юунд дуртай болон дургүй вэ?

Би юу хийж чаддаг бас юу хийж чаддаггүй вэ?

Миний ирээдүйд хиймээр байгаа ажил мөн хиймээргүй ажил юу вэ?

Амьдралын маань зорилго юу вэ?

Энэхүү амьдралдаа юуг чухалчлах вэ, мөнхүү юуг ор тас орхих вэ?

Юунаас аз жаргалыг мэдрээд, юунаас зовлон гуниг амталдаг вэ?

Эдгээр болон бусад өөр лүүгээ өнгийсөн асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Шуудхан хариулж чадаж байна уу? Эс бөгөөс үзэг гацаад хөдөлж өгөхгүй байна уу? Нэг дор сууж бичих шаардлагагүй. Асуултуудаа сайхан бичээд хариулж чадахыг нь хариулаад, шууд орж ирэхгүй байгаа хариултуудаа аяга угааж байхдаа хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа, машин барьж байхдаа, ном уншиж байхдаа давхар байнга бодохыг оролдоё.

Би бодож байна гэж үнэн халтуурддаг байж дээ. Толгойд орж ирсэн түмэн бодлоо үргээж эс чадна. Тэгээд болоогүй, орж ирсэн бодол болгондоо сэтгэл хөдлөлтэй хандахыг яана. Бодол намайг тавгүйрхүүлэх, хөөргөх бас баясгах хүчтэй юм билээ. Бодолдоо боол болно. Залуу насны онцлог ч байх даа. Сүүлийн үед тэгээд байгаагаа анзаарах болсон байна лээ. “Хүүе, за тэр зүг рүү бодол явахаараа намайг зовлонд унагадаг шүү. За яахав, юу ч дээ чиний асуудлыг тэнд нь жаахан түгжээд орхичьё. Явцад шийдэл нь олдоно гайгүй” гэх мэт бодлоо хөөрхөн молигдоно. Зарим бодол намайг жигтэйхэн тэнхээтэй болгохыг харсан. Тийм үед аль л чадахаараа тэр бодлоо өргөжүүлэхийг чармайна даа. Бичнэ, бодит хэлбэрт оруулна, ярина, туршина гэх мэт.

Дээрх бол ном уншаад надад төрсөн бодол минь юм. Энэ хүртэл бодол санаагаа ил гаргах зөв үгүйг мэдэхгүй ч санаа авах нэгэнд нь үнэтэй мэдээлэл болж магад хэмээн саналаа. Номд өгүүлсэнчлэн өөрийгөө таних нь хамгийн эхний алхам гэдэгт санал нэгдэж байна. Өөрийн буй газраа тодорхойлж эс чадваас хэчнээн гоё мөрөөдөлтэй байгаад хүрч эс чадна гэдгийг баянбүрдийн домог ярианаас бид бүхэн мэдэж авлаа.

Номын нэр «30代を無駄に生きるな»

Зохиогч: Shigehisa Nagamatsu (永松茂久)

Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.