Хогны уут гоёлын даашинз болж хувирлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

“Азийн цагаан дагина” хэмээх хогны уут  тарааж, Хог хаягдлын шинэ менежентийг  хэрэгжүүлж эхлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Хөтөлбөрийн хүрээнд айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж ирсэн ч багагүй шүүмжлэлийг дагуулсан. Нэг ширхэг нь 95 төгрөг, нийт гурван тэрбум төгрөгийн өртгөөр үйлдвэрлэсэн энэ хогны уутыг өнгөрсөн жилээс эхлэн иргэдэд үнэгүй тараасан ч чанарын шаардлага хангахгүй гэх мэт олон асуудал үүсэх болсон нь нууц биш.

“Хогны уутаа өөр зүйлд хэрэглэсэн бол торгоно”, “Зориулалтын хогны уут ашиглаагүй айл өрхийн хогийг ачихгүй” хэмээн зохих газруудаас янз бүрийн шаардлага тулгах болсон.  Ногоон өнгөтэй, хагас тунгалаг материалаар хийсэн, 80х45 см-ийн харьцаатай, 2.5 микроны зузаан, 15 килограммын даац бүхий “Азийн цагаан дагина” хогны уут ачир дээрээ үр дүнд хүрсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Хотоо хоггүй цэвэрхэн болгочих юмсан гэсэн хотын захиргааныхны сэтгэлийг ойлгож байгаа ч анх энэ ажлыг хийж, хэрэгжүүлж байх үед “Азийн цагаан дагина” өөрөө хог болоод хийсчих вий гэсэн хардлага иргэдийн дунд байсан. Нэг тийм үр дүнгүй ажил болоод байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сануулж байсан. Гэтэл тэд жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг гэсэн байдлаар хандаж, хэний ч үгийг авч хэлэлцээгүй. Үүний үр дүнд нь юу болов.

Өнөөх сүржин нэртэй уут гэр хороололд багадаад, орон сууцанд томдов. Хатуухан хаягдлыг даахгүй урагдаж, 15 кг-ын даацтай гэх боловч ийм хэмжээний хог багтаах боломжгүй. Хэт нимгэн, том гэхчилэн иргэдийн шүүмжлэлтэй тулгарснаар уутны хэмжээг багасгаж, илүү зузаан болгож, ахин хэвлэсэн. Харин одоо хогны уутыг гурав дахиа буюу дахин сайжруулж, шинэчлэн үйлдвэрлэхээр болсон.  Таван сар хүрэхгүй хугацаанд хогны уут гурав дахиа “төрөх” гэж буй нь холбогдох албаныхны тооцоогүй, анхнаасаа буруу төлөвлөсний жишээ билээ.

Хүнд даацын хог даахааргүй “ногоон уут”-ыг зарим хүмүүс хогондоо бус өөр зүйлд ихээр ашиглах болсон нь илт мэдэгдэх болсон. Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн баяраар гэхэд нөгөө голоод байсан уут жинхэнэ утгаараа “од” болоод өнгөрсөн шүү дээ. Хогоо ууталдаг аргаар аль хэдийнэ олчихсон хотын иргэд ногоон уутандаа бууз, банш, гурил төмсөө боох болсноор иргэдэд хогноос илүү ашигтай болж хувирсан.

Түүгээр ч зогсохгүй саяхан нийслэлийн нэгэн дунд сургуулийн сурагч охид “Азийн цагаан дагина” гэх сүржин бичигтэй хогны ногоон уутаар этгээд загвар бүхий гоёлын даашинз хийж өмссөнөөр шүүмжлэлд өртсөн. Хогийн уут хэврэг болохоор хогоо ачихад урагдчихдаг учраас уутыг гэртээ зүгээр хадгалж байхаар өөр бусад зүйлд хэрэглэж болохгүй гэх зүйл байхгүй. Ямартай ч энд тэнд урагдаж хаягдал хог болсноос гоёлын даашинз болсон нь хамаагүй дээр.

Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.