
ЕРӨНХИЙ САЙД П.ГЭНДЭНГЭЭС АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧ ЖОНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА
-1935 оны 12 дугаар сарын сүүлч-
Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн 1935 оны 12 сарын 11-нээс 1936 оны 1 дүгээр сарын 7-ны өдрүүдэд хамгийн сүүлийн удаа, Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчдийг ахлан Москвад айлчилж Сталинтай хоёр удаа хэлэлцээ хийсэн билээ.
Эхний хэлэлцээ 1935 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, удаах нь 1936 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тус тус болж, 7-ны өдрийн орой Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагчид Монголын Элчин сайдын яаманд уригдан оройн зоог хүртжээ. Сталины хувьд Монголын ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн хоёр дахь тохиол.
Чухам л 7-ны өдрийн зоог дээр Гэндэн, Сталин хоёр муудалцсан тухай домог, яриа тэмдэглэгдэн үлдсэн.
Энэ айлчлалын үед тохиосон бас нэг онцгой үйл явдал нь Ерөнхий сайд Гэндэнгээс Москвад суугаа Америкийн Ассошэйтэд Пресс мэдээний сурвалжлагч Жон Лойдод бичгээр ярилцлага өгсөн явдал юм. Сурвалжлагч Гэндэнд 6 асуулт тавьсан бөгөөд бичгээр хариулт өгсөн нь 1936 оны эхээр (Монголын төлөөлөгчид Улаанбаатарт ирэхээс өмнө) хэвлэлд нийтлэгджээ.
Монгол Ард Улсын Ерөнхий сайд Гэндэн Москвад хийсэн олон айлчлалын нэгний үеэр Кремлийн ордоны хашаан дотор монголын төлөөлөгчдийн хамт. Энэ зураг л түүх болон тод үлдэждээ. Бусад айлчлалын зурагнууд бүгд устгагдсан бололтой.
Эхний эгнээнд зүүнээс: Москвад суугаа элчин сайд Л.Дарьзав, Г.Самбуугийн гэргий Д.Дэнсмаа, голд цэргийн хувцастай буй нь МАХЦ-ийн Цэрэг, ардыг сурган боловсруулах газрын дарга О.Дашчийрэв, Ерөнхий сайд П.Гэндэн, Ерөнхий сайдын 1-р орлогч Г.Самбуу (Дарьзавын өмнө Москвад суугаа элчин сайд байсан), Гадаад яамны орлогч сайд бөгөөд хожим улсын алдарт гавъяат дуучин болсон М.Дугаржав,
Арын эгнээнд: орчуулагч К.Х.Ильин, М.Ядамсүрэн
Ерөнхий сайд Гэндэнгийн дэлгэрэнгүй хариултаас сүүлийн хэсгийг сонирхуулан оруулья. Тэрээр Монгол Улсын зүгээс Япон, Манжийн талаар ямар байр суурьтай байсан нь хариултаас тод илэрнэ. Харин дараа жил нь, Гэндэнг Японд найр тавьсан гэдгээр голлон, хилсээр яллаж Москвад цаазалсан билээ.
Ассошэйтэд Пресс агентлагийн Москва дахь сурвалжлагч Жон Лойд
ГЭНДЭНГЭЭС АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧ ЖОН ЛОЙД-д БИЧГЭЭР ӨГСӨН ХАРИУЛТ
...Манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор Манж улсын эдийн засаг ба худалдааны ямар ч эрх ашиг байсан үгүй ба байх ч үгүй болох ану илэрхий хэрэг бөгөөд мөн түүнчлэн манай дотор Манж улсын ямар ч харьяат нар бас үгүй болой. Манжуур станцын газар Япон, Манжийн төлөөлөгчдөөс манай лугаа энэ тухай дипломатын зохистой харилцаа тогтоохыг хүсэж буй хэмээн тайлбарлаж байсан бөгөөд ийм харилцаа үгүй байх ану олон улсуудын хоорондын ёсон дор харштай хэмээн шалтаг болгон хэлж байсан бөлгөө. Гэтэл ингэж зохистой харилцааг байгуулах хэмээвээс тэднээс эв найрамдалтай байхаар хүссэн тэр улсдаа зэвсэгт довтолгооноор халдах ба түүний газар дэвсгэрийг булаах дор хүрэх ёс байж үл болох ба харин энэ инү олон улсын хоорондын ёсон дор даруй харшилж байна хэмээн санагдамуй.
Хоёр улсуудын хооронд дипломатын харилцааг байгуулах ану зөвхөн уг этгээдээс болох бус тэрхүү хоёр талаас гүйцэтгэгдэх болой. Олон улсын хоорондын ёс болбоос дангаар хэн ч атугай цэргээр айлгаж тулган шаардах аргаар дипломатын харилцааг байгуулах дор үл хүргүүлэх бөгөөд жич Манж улс болбоос Японоос бус ямар ч улс лугаа дипломатын харилцаа үгүй болох ану илэрхий ажгуу. Манай Монголоор Манж улсыг анхан түрүүн дор бөгөөд бас нэн даруй зөвшөөрүүлж түүнтэй дипломатын төлөөлөгчид солилцуулахыг тэднээс цэргээр айлган шаардаж буй уг чухам учир юу болох ану танигдаж мэдэгдэх үгүй баймуй.
Манжуур дор Японы төлөөлөгчдөөс Япон, Манж, Монгол нар болбоос Азийн хүмүүс дор тооцогдох тул манай зорилго ба бодлого ану нэг байх ёстой хэмээн өөрийн шааардлагуудыг мань дор тайлбарлаж байсан бөгөөд гэвч зорилго ба бодлогуудын өөр болох ану арьсны өнгө дээрээс болох бус хэмээн бид нар үзэх тул манж хятадын зэрэг Азийн дарлагдсан улсууд лугаа адил байдалтай болохыг бид нар үл хүсмүй.
Зураг дээр: Ерөнхий сайд Гэндэнгийн ярилцлага Улаанбаатар хотноо сонинд гарсан нь
Баянбатын Баясгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин.
(66.181.161.50) 2020-04-13 19:48Хурай хурай хурай.
Хариулах
Зочин.
(66.181.161.50) 2020-04-13 19:47Аз аз аз.
Хариулах