Нүүдэлчдийн унаган сэтгэлгээ одоогийнхоос бүр эсрэгээрээ, бусдад тээр болохгүй амьдрах суурь философитой байж...

Twitter Print
2021 оны 05-р сар 29-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

ТОВЧХОНДОО ЦАГ ҮЕЭ ЗАДЛАН ШИНЖЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Байрны гаднах зогсоолоос гарах гэтэл гарц дээр нэг 60-аад насны ах машинаа тавьчихаж, намайг машиных нь ард тулаад зогсохыг харсаар, машиныхаа араар тайвуухан алхаж, нөгөө талд нь гараад, хаалгаа онгойлгон ямар нэгэн юм ухав. Нэлээн хүлээв. 3 орчим минутын дараа бас нэг машин гарахаар миний ард ирж, сигнаалдав. Урдаас бас нэг машин орох гэж буй бололтой тулж ирлээ. За ингээд хоёр талд түгжээ. Нөгөө ах юу сүртэй юм гэсэн аятай бидэн лүү гайхан харсаар, юм аа ухсаар. Тэгэж тэгэж баахан хайрцагтай юм гаргаж хажуу орцны үүдэнд тавьчихаад машинаа асаахад, нэгэнт хоёр талаасаа хэд хэдэн машинд хаалгасан тул бас бөөн юм болов.

Яг ийм явдал өдөр дунд Бөмбөгөр захын гадаах паркинд боллоо. Угийн чихэлдээн дотор портертой зам хааж зогсчихоод ачаагаа буулгачих юм. Тэрүүгээр л нэг сигнаал, хашгичаан. Нэг шартай залуу машинаасаа буугаад өнөөх портерийн жолоочтой хэрэлдээд эхлэв. Арай л зодоондоо тулсангүй. Зогсоолын зохицуулагч бололтой эрээн модтой, ногоон хантаазтай эгч ирж, наана цаана зөндөө юм болж байж, зам чөлөөлж зогсоод ачаагаа буулгахаар болов. Гэхдээ жолооч нь 30-аад насны идэрхэн залуу.

Хуучин тогтолцооны үеийнхнээс нийтлэг анзаарагддаг зүйл нь хүний эрхийн мэдрэмжгүй байдал. Хувь хүн өөрийнхөө орь ганц давтагдашгүй, тусгаар оршихуй гэдгээ мэдрэх хэрээр бусдын тэр давтагдашгүй оршихуйг ч бас хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж төлөвшдөг. Чухам хүний эрхийн мэдрэмж гээд байгаагийн суурь чанар нь энэ юм. Тэгвэл соц тоталитар тогтолцоонд яагаад энэ мэдрэмж сулардаг вэ гэхээр хувь хүнийг нийтийн, нийгмийн сайн сайхны тусын тулд зориулагдсан эрэг шураг, эд анги гэж үздэгээс хувь хүн өөрийнхөө өнөөх давтагдашгүй мөн чанарыг мэдрэх чадвар эрс сулардаг. Мэдээж 100 хувь биш л дээ, массын буюу дундаж түвшинд энэ нь бараг хавтгайдаа байжээ. Нэгэнт тэгээд төлөвшчихсөн бол тэдний үнэмлэхүй олонхи нь 30 жилийн дараа ч түүнээ тавихгүй, хатуу хэлэхэд хөгшин азарга жороо сурахгүй.

АНУ-д хэдэн жил цагаачдын дунд хутгалдаж амьдарч үзсэн. Ихэнхдээ польш, укриан, орос, гүрж, казах гэх мэт. Тэрхүү пост ком орны цагаачдын хандлага бусад орныхноос илэрхий ялгардаг шинж нь энэхүү хүний эрхийн мэдрэмжийн дутуудал юм.

Буддын сургааль нь чухам Эх болсон хамаг амьтныг буюу өт хорхойг хүртэл энэрэн хайрлах түвшинд хүрснээрээ нэвтэрхий энэрэнгүй үзэл болно. Коммунист үзлийн идеологи, зорилго нь ер бусын гэгээн саруул ч түүндээ хүрэх, түүнээ хэрэгжүүлэх арга зам нь таг эсрэг, товчхондоо ирээдүйн гэрэлт саруул ирээдүйн төлөө өнөөдрийг золиослох, тэр өнөөдрийн цөмд нь хувь хүний өнөөх давтагдашгүй мөн чанар байв. Гулзайшгүй мэт байсан соц систем яагаад нуран унасны үндсэн шалтгаан нь энэхүү хувь хүний давтагдашгүй оршихуйг үл хайхран, зөвхөн зорилгод хүрэх хэрэглэгдхүүн болгон ашиглаж, бүр зарим тохиолдолд хайр найргүй дэвсэлж байсанд юм. Тэр хүйтэн дайнд ялагдсан суурь шалтгаан нь ч энэ юм. Товчхондоо байгалийн жам хуулийн эсрэг байлаа.

Дээрх жишээнд авсан хэнэггүй ч юм шиг байдал нь нүүдэлчдийн унаган оршихуй, чанартай холбоотой зүйл ч бас биш юм. Харин ч нүүдэлчдийн унаган сэтгэлгээ бүр эсрэгээрээ, бусдад тээр болохгүй амьдрах суурь философитой байж. Бусдад гэдэгт зөвхөн хүн төдийгүй шим ертөнц бүхэлдээ багтана.

Соц үеийн үлдээсэн гажуудлыг үндэсний язгуур хандлагатай холбож харах нь төөрөгдөл.

Өнөөдөр соц үеийн тэрхүү хүний эрхийн мэдрэмжгүй хандлагын сүүдэр мөр нэн хүчтэй байгаа, бүр өвлөгдсөн, бас энэ ямар ч идеологигүй, хэт бүдүүлэг материализмд гулсан унасан өнөөгийн баларлаг бурангуй систем түүнийг нь мутацлан хөгжүүлсэн. За цаашаа энэ бүхэн дэлгэрээд, задраад задраад явчихна даа. Бөөн юм болно. Товчхондоо өнөөгийн нийгмээ задлан шинжлэх шаардлагатай. Тэгэж байж урагшаа явна. Либерализм ч, ардчилсан социализм ч, үндэсний соцлиализм ч тэр аль аль нь өнөөдөр ёстой нөгөө Марксын “Эв хамт намын тунхаг”-таа хэлдгээр монгол даяар хий үзэгдэл тэнүүчлэх төдий байгаа. За ингэхээр өмнөх тогтолцоог байж ядан хараах, зүхэх, үзэн ядах комплекстэй нөхдүүдийн маажуур хөдлөөд унав. Түүхэн эрх, зүй тогтол гэж байдаг. Өнгөрсөн зуунд бидний явсан зам мөрд алдаа ч их, оноо ч их. Гэхдээ хоёр зүйл бий. Эхнийх нь оноо нь давуу юм. Удаад нь тэр цаг үед буюу улс орнуудын хувь заяа шийдэгдэж байх үед өөрөөр орших, урагшлах боломжгүй байж, дотоод болон гадаад нөхцөл байдал үнэхээрийн хүнд байж. Түүхийг ухах тусам улам тодорхой, бас маргаангүй болно. Өнөөгийн хоёр тийшээ савласан үзэл суртлын нөлөөнөөс ангиржирсан хойч үеийнхэн чухам энэ түүхэн үнэнийг улам тодорхой болгох нь гарцаагүй. Чухам тоталитар тогтолцооны ачаар арай гэж нэг юм тусгаар тогтнолтой болж, бас улс оронд байх ёстой эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, ХАА, үйлдвэрлэл, ШУ гээд бүхий л салбарын суурь тавигдсан байдаг. Цаг цагаараа байдаггүй, шинэ түвшинд гарах шаардлагатай болоход харин бид өнөөдөр нэг самуурсан юм руу орчихсон. Тэрхүү самуурлын бүтээгдхүүн нь өнөөх портерийн жолооч 30 насны залуу юм.

Өнгөрснөөс сургамж авч, өнөөдрөө шүүмжлэн засаж явдаг нь ч жам. Өнөөдрийнхөө бодит байдлыг харахгүй, нэг бол өнгөрснөө шээс алдатлаа хараана, эсвэл улайрах өмгөөлөх нь өнөөдрийн бүтэлгүйтлийн нэг шалтгаан шүү. Ялангуяа энэ хандлага улс төрийн сонголтод онцгой нөлөөлж байгаа. Улс төрийн намууд ч энэ элий гаж хандлагыг хэрхэн сааруулах вэ гэж биш, харин ч улай харсан элээ шиг улам бүр дэгтрэн гааруулж, тэндээсээ ашиг цохиж байгаа. Ийм нөхцөлд иргэний нийгэм, сонгодог парламент гэх мэт нь үлгэр шүү. Үр дүн нь ч тодорхой. Товчхондоо үр хойчийнхоо идэх талхнаас л хумсалж буй явдал. Гурван ч удаа “Товчхондоо” болчихлоо.

Уучлаарай. Дэлгэрүүлж тайлбарлавал зөндөө юм болно. Учир нь энэ нийгэм, филосифийн суурь асуудал юм. Энэ мэт хэдхэн өгүүлбэрээр бүрэн тайлбарлах боломжгүй, товчлох тусам буруу ойлголт төрдөг, тиймээс суурь бүтээлүүд дандаа том байдаг.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.