Хятадад 18-аас доош насны хүүхдүүдийн гар утасны хэрэглээг бууруулна

Twitter Print
2023 оны 08-р сар 08-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Хятадын цахим хэрэглээг зохицуулах газраас 18-аас доош насны хүүхдүүдийн ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл танилцуулсантай холбоотойгоор Хятадын технологийн компаниудын хувьцааны үнэ унажээ.

Дээрх хуулийн дагуу хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг өдөрт дээд тал нь 2 цаг болгон хязгаарлах аж. 4 жилийн өмнө Хятадын эрх баригчид хүүхдүүдийн цахим тоглоомын хэрэглээг хязгаарлах хуулийн төсөл баталсан билээ.

Хятадын Цахим хэрэглээг зохицуулах газраас санаачилсан хуулийн төсөлд хүүхдүүд гар утсаараа оройн 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд интернетэд орохыг хориглох тухай заалт мөн багтсан байна.

Иймээс гар утас үйлдвэрлэгчид, аппликэйшн боловсруулагчид хүүхдүүдийн насанд тохирсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх "хүүхэд" гэсэн тусгай горимтой болох ёстой болж байгаа аж.

Дээрх хуулийн төслийг баталснаар 16-18 насны хүүхдүүд гар утсаа өдөрт 2 цаг, 8-аас доош насныхан өдөрт 8 минут л үзэх боломжтой болох аж.

Технологийн томоохон компаниуд нь хүүхдүүдийн цахимаар тоглох хугацаанд хязгаарлалт тогтоож байсантай адил тухайн компаниуд шинээр танилцуулсан хуулийн төслийн хэрэгжилтийг хариуцах нь гарцаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрсөн лхагва гарагт Алибаба компанийн хувьцааны үнэ 3 хувиар, Билибили компанийн хувьцааны үнэ 7 хувиар унасан бол пүрэв гарагт Алибаба компанийх нэмж 2 хувиар, Билибили компанийх 0.5 хувиар тус тус буурсан байна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэж байна гэсэн шалтгаанаар Хятадын эрх баригчид хүүхдүүдийн цахим тоглоомын донтолтыг бууруулах хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

2019 оны 11-р сард Бээжин хүүхдүүдийг цахим орчинд тоглох явдалд цагийн хязгаар тогтоосон юм. Үүнд 18-аас доош насныханд оройн 22 цагаас өглөөний 8 цагийн хооронд цахимаар тоглохыг хориглож, ажлын өдрүүдээр өдөртөө 90 минут, амралтын өдрүүдээр өдөртөө 3 цаг тоглох эрхийг олгосон билээ.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн дараа Хятадын эрх баригчид хүүхдүүдэд цахим орчинд долоо хоногт 3-аас дээш цаг тоглохыг хориглох шийдвэр гаргасан юм.

Эдгээр журмууд хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын технологийн компаниуд их хэмжээний алдагдал амсаж, Бээжин Вашингтонд цахим тоглоомын зах зээл дэх хамгийн том тоглогч гэсэн цолоо алдсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.