
Маш амжилттай яваа нэгэн компанийн захирал тэтгэвэртээ гарах дөхжээ. Суудлаа өөрийнхөө залгамжлагчид үлдээх цаг нь ойртсон байлаа.
Хүүхдүүдийнхээ аль нэгийг сонгохыг тэр урьтал болгосонгүй. Харин өөрийн компанийн залуу менежерүүдийн нэгийг сонгохоор шийджээ. Компанийнхаа гүйцэтгэх удирдлагын залуу менежерүүдийг нэгэн өглөө цуглуулаад:
“Та нарын нэгийг би компанийнхаа дараагийн СЕО-гоор томилохоор шийдлээ. Өнөө өглөө би та нарт нэг нэг үр тарааж өгнө. Өөр өөр ургамал цэцгийн үр байгаа юм. Та нар тэдгээрийг суулгаад, усалж ургуулаад яг нэг жилийн дараа ургуулсан цэцэгсээ авчирахыг хүсье. Тэр өдөр би хэн СЕО болохыг шийднэ” гэж хэллээ. Тэдний дунд Болд хэмээх нэгэн залуу менежер байв. Тэр бусдын адил сэтгэл нь хөдөлж шоконд орсон байлаа. Өөрт таарсан үрээ аваад харьсан Болд эхнэртээ өдөр ажил дээр юу болсон тухайгаа бүгдийг ярив. Тэр хоёр нөгөө үрийг цэцгийн саванд суулгаад усалж эхлэв. Цаг хугацаа өнгөрсөөр...
Ажлын газрын нөгөө хэд нь өөрсдийн цэцэг нь ямар үзэсгэлэнтэй ургаж байгаа тухай ам булаалдан магтаж ярьцгаана. Болд л чимээгүй. Учир нь түүний суулгасан үр үрсэлж өгөхгүй л байлаа. Гэвч тэрээр цөхөрсөнгүй түүнийгээ усалсаар байсан юм. Үр үхсэн нь ойлгомжтой болов. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нөгөө өдөр ирэв. Болд үнэхээр их ичиж байлаа. Юу ч ургаагүй саваа ажил руугаа авч явахыг Болд хүссэнгүй. Гэвч түүний эхнэр нь саваа оффис руу авч яваад юу болсон тухай үнэнээ хэлэхийг зөвлөлөө.
Болдыг уулзалтын өрөөнд хоосон савтайгаа ороход хүмүүс өмнөө хачин гоё, тансаг цэцгүүдийг өрөөд тавьчихсан байв. Нөгөө хэд Болдын барьсан хоосон савыг хараад инээлдэж, доромжилж, доош нь хийсэн харц шидэцгээж байлаа. Хөгшин СЕО-г тасалгаанд орж ирмэгц хамт ажиллагсад нь өөрсдийн ургуулсан цэцгээ ээлж дараалан танилцуулав. Ширээний буланд хөөрхийлөлтэй сууж буй Болдыг захирал нь хараад ойртож ирэхийг хүсэв. “Чиний сав яахаараа хоосон байдаг билээ” гэж түүнээс асуухад, Болд бүхий л үнэнээ хэллээ.
Нөхөд нь түүний түүхийг сонсоод бүгд л инээлдэв. “Би ч ингээд өнгөрлөө дөө, аягүй бол ажлаасаа халагдсан байх” гэсэн бодол Болдын толгойд орж ирэв. Захирал босоод:
“Ноёд хатагтай нараа, та бүхнийг компанийнхаа дараагийн СЕО-той танилцуулъя. – Ноён Болд” гэлээ. Бүх хүмүүс шоконд орж, тэр дундаас нэг бүсгүй:
“Яагаад вэ, захирлаа? Наад хүн чинь юу ч ургуулаагүй байна ш дээ” хэлэх нь сонсогдлоо. Захирал үргэлжлүүлэн:
“Яг нэг жилийн өмнө, яг энэ өдөр би та нарт бүгдэд нь буцалгасан үр өгсөн юм. Ямар ч ургамал ургахгүй тийм үр. Та нар үрийг сольж амжилт харуулахыг хичээжээ. Ганцхан Болд л үнэнчээр хичээж үнэнээрээ байж” хэлэхийг сонсоод өрөө нам гүм болов. Болд ичихээ больж бусад нь харин нүүрээ хийх газаргүй болов. Тэр өдөр хуучин СЕО нэгэн чухал сургамжийг залуу менежерүүддээ өгсөн юм:
“ЧИ ҮНЭНИЙГ СУУЛГАВАЛ ИТГЭЛИЙГ ХУРААЖ АВНА”
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Амин-Эрдэнэ
(103.212.117.177) 2021-03-02 20:15Үнэхээр гоё сургамжит өгүүллэг бн. Улам хичээгээрэй☺
Хариулах