
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохионо.
Энэ жилийн наадмыг үзэгчтэйгээр хийх гэж буйг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 1,024 бөх барилдах бол хурдан морины уралдаан, сурын харваа Хүй долоон худагт болох аж.
Засгийн газраас зургаадугаар сарын 15-н гэхэд улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины давтан тунг хийж дуусна. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр вакцины болон сүргийн дархлаа 65 хувьд нь тогтож халдвар илт буурна гэж тооцоолон Үндэсний их баяр наадмаа үзэгчтэй хийх шийдэлд хүрчээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгажээ. Тухайлбал, энэ жил
-
Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг,
-
Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг,
-
Бүх ард түмний урлагийн наадам 500 сая төгрөг,
-
Утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая төгрөг,
-
“Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг,
-
Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,
-
“Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг гэх мэтээр 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Тоон мэдээ дурдахад, Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж, хоёр дахин өссөн бол 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар, 2014 онд 2.2 тэрбум төгрөгөөр тус тус наадсан байна. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 3 тэрбум 4 сая төгрөг болжээ. Улмаар 2018 онд 2 тэрбум 98 сая, 2019 онд 2.9 тэрбум, 2020 оны 3 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.
Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь өнө эртний ёс билээ. Түүхэн сурвалжаас үзэхэд “Эрийн гурван наадам”-г тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд Монголын нууц товчоонд тэмдэглэснээр энэхүү баяр ёслолыг “хуран сар” буюу 7-р сард зохион байгуулсаар иржээ.
1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг “Чингис хаан”-д өргөмжилснөөс эхлэн “Эрийн гурван наадам” буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байсан төдийгүй түмт, мянгатын хүрээнд ч зохион байгуулдаг байв.
Монголчуудын тэмдэглэн ирсэн наадмууд:
Долоон хошуу даншиг
Энэхүү наадам жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхлэлтэй. Ширээт цагаан нуурын тэрхүү наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэгчийн морь манлайлсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход Даншиг наадмыг тэмдэглэхийг болиулсан байна.
Арван засгийн наадам
1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болсон ба түүнийг “Арван засгийн наадам” гэж нэрлэн алдаг оног хийдэг байсан бөгөөд 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам болсон. Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл зохион байгуулагдсан ба нийт 125 удаа болжээ.
Ардын төрийн наадам
1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болж бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг байсан. Тэрхүү наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоёуланд нь Вандан аварга түрүүлсэн байдаг. БНМАУ тогтсоны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 гэж заажээ. Энэ үеэс “Ардын наадам” гэж байгаад Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш “Ардын хувсгал ялсны ой” гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байв.
Үндэсний их баяр наадам
1990 оноос хойш МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.