
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Цагдаагийн байгууллагаас 41 настай Б.Энхбаатар, 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга нарыг эрэн сурвалжилж байсан бол дахин нэг сэжигтэн нэмэгдэж 34 настай Э.Золхүү нарын дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байсан.
Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан эдгээр дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг өчигдөр орой баривчилсан байна. Харин тэдний нэг болох Б.Энхбаатарыг саатуулаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа юм байна.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа аж.
Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа билээ. Их хэмжээний мөнгө машинаас олдсон тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан байна. Тодруулбал, Хаан банкийг луйвардсан хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан аж. Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин залилангийн хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Худалдаа хөгжлийн банкинд залилагчид хоёр сая ам.долларын валют гаргуулан авах хүсэлтээ өгч, улмаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн 15.00 цагийн үед 50 орчим насны эмэгтэйг явуулж авахуулсан аж.
Уг хэргийн холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.