Сонгуулийн хуулийг баталлаа

Twitter Print
2019 оны 12-р сар 20-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.

Хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад 51 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж, 76.5 хувийн саналаар баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад 51 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж, 76.5 хувийн саналаар баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд, ажлын хэсэгт баярлалаа. Бүх намын төлөөлөл оролцсон ажлын хэсэг зөвшилцлийг эрхэмлэж, бүх нийтийн оролцоотойгоор Сонгуулийн тухай хуулийг баталсанд талархал илэрхийлье" гэлээ.

Өргөн барьсан хуулийн төслүүдэд анхны хэлэлцүүлгээр оруулсан өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно

76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгохоор болов. Дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэх юм.  

Аль нэгийг сонгох эсвэл хүчингүйд тооцуулах 

Хуулийн төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж өөрчлөн найруулахаар болов. Өөрөөр хэлбэл таны хамаарах тойрогт дөрвөн мандаттай гэж бодвол тухайн дөрвөн мандат дээр нэр дэвшиж байгаа хүмүүсээс заавал дөрвийг сонгоно гэсэн үг. Сонголтгүй байгаад аль нэгийг нь дугуйлахгүй орхивол таны саналын хуудас хүчингүй. Цагаан сонголт буюу сонгох хүн алга гээд хүчинтэйд тооцуулах боломжгүй. Сонголтгүй ч сонгохоос өөр аргагүй өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаад байгаа гэсэн үг юм.

Шилжилт хөдөлгөөн ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусна

Хуулийн төсөлд иргэний шилжилт хөдөлгөөн буюу нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээхээр тусгасан.

Хандивын хэмжээг 5-20 сая байхаар тусгажээ

Сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна. 

Сонгогчийн ирц 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураана

80 дугаар зүйлд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов.

Бүтэн нэг жилийн турш тогтмол үйл ажиллагаа явуулсан сонин, сэтгүүлээр сурталчилгааг нийтлүүлнэ 

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Энэ заалттай холбогдуулан төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 42.14 дэх заалтыг нэмэхийг гишүүдийн 70.8 хувь нь дэмжлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.